"COVID-19"-ӨӨС ОЛДСОН БОЛОМЖ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-24 17:39:37

МҮХАҮТ-ын 60 жилийн ойн шилдэг бүтээлийн уралдаанд


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийг хамарсан шинэ коронавирусний цар тахал бусад улс орны адил, манай улсын эдийн засаг, бизнест хүндээр туссан. Өнөөдөр тодорхой цаг хугацаа туулж өнгөрсний эцэст бид энэ талаар ярихаас илүү энэ нөхцөл байдлаас манай улсын бизнес эрхлэгч нарт ямар боломж үүссэн талаар дурдах нь цагаа олох болов уу.


Нэгдэх үйл ажиллагаа


Сэтгүүлч бид амьдралын дунд явах учиртай, энэ үүднээс олон хүнтэй уулзаж учирдаг. Саяхан "Сүү" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай уулзвал тэрээр, "Монголчууд бид чинь нэгдэж нийлж юм хийдэггүй, өөр хоорондоо өрсөлдөж байдаг хүмүүс. Нэгэнтээ энэ жижигхэн зах зээлд ингэж байхын оронд том зах зээлд, олон улсад гарахаа бодож нэгдэж нийлэх цаг хэдийнэ ирсэн. Ийм боломжийг "COVID-19"-ийн нөхцөл байдал олголоо. Удаан хугацаанд тухайн бизнес дээр оршин тогтнож чадах үгүйг коронавирус нэг ёсондоо шигшиж өглөө" хэмээн шүүмжлэлтэй хандсан дохио (мессеж) бүхий саналыг хэлж байлаа. Хатуу ч гэсэн үнэн үг. Үндэсний анхдагч "Сүү" компаниа хөрөнгийн зах зээлд гаргаж байсан тэрээр одоо өөрөө "Ард лайф"-ыг удирдан үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөл тавиад буй, нэг ёсондоо "гал тогоо"-нд байдаг хүний хувьд "COVID-19"-ийн үеэр хувийн хэвшлийнхэнд гарсан нэг боломжийг ийнхүү хэлж байв.


Тэрээр боломжийг цааш нь дэлгэрүүлж хэлэхдээ, "Одоо бид сарнисан зүйлсээ нэгтгэж нийлүүлж аваад нэг хувьцаат компани болдог ч юм уу, нэг зорилго тавиад, үйлдвэрүүд нэг чиглэл дор ороод явах юм бол хангалттай хэмжээнд өсөх боломж хувийн хэвшлүүдэд байна" гэдгээр тодотгов. Ганцхан жишээгээр тайлбарлая. Өнөөдрийн Улаанбаатарын замын хөдөлгөөний түгжрэлээс болоод компаниудын зардал 20-30 хувиар өссөн гэдэг тоон судлагаа байна. Зардал яаж өссөн гэхээр нэг бизнесмен өдөрт 10 компанитай уулзан харилцдаг байсан бол одоо 5 компанитай уулзаж чадахгүй байна. 30 цэгт очоод борлуулалт хийдэг байсан бол одоо 20 цэгт л дөнгөж хүрч байна. Энэ нь зөвхөн замын түгжрэл бизнесийн бүтээмжид нөлөөлж байгааг харуулах. 


Энэ мэт бэрхшээлийг зохицуулах боломж байна уу гэвэл байна аа. Төсөвт хөрөнгө оруулах. Зээл олгох биш шүү гэдгийг тэрээр онцолж байв. "Нэг салбарын 2 компани нэгдэх гэж байвал улсаас мөнгө гаргаж өгөөд, ингэхдээ тэдгээр компанийн 10-20 хувьд үнэлгээ хийгээд тухайн компаниа хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахыг шаардах. Хувьцаагаа гаргангуут 20 хувийг нь худалдаж аваад үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь хөрөнгө оруулж хэдэн жилийн дараа оруулсан хөрөнгө оруулалтаа мөнгө болгоход л болоод явчихна". Эдийн засаг руу оруулах боломжид илүү ухаалаг хандах саналыг тэрээр ийнхүү тавьж байсан юм.

Нэгдэж нийлэх үйл ажиллагаа зөвхөн дотооддоо бус олон улсад өрнөх үйл явц юм гэдгийг коронавирусний нөхцөл байдал тавьж өгснийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ, “Дэлхий нийтийг хамарсан "COVID-19"-ийн цар тахлаас үүдэн бид том сорилттой тулгарч буй энэ цаг үед олон улсын хамтын ажиллагаа, үндэстэн хоорондын нөхөрлөлийн үнэ цэнэ, ач холбогдлыг улам бүр үнэлж, мэдрүүлж байна" хэмээн онцолсоон. 

 

"COVID-19"-ийн дараа яах вэ? Цахим бизнес ба экспорт


Энэ талаар "Да Хүрээ трейд" ХХК-ийн захирал Ц.Алимаагаас асуувал тэрээр, "Коронавирусний дараа бизнес ямар байхыг мэдэхгүй. Харин бидний хувьд ямар байхыг хүсэж байна гэвэл бизнес илүү нээлттэй, хүртээмжтэй болох байх гэж бодож байна" гэж хариулсан юм. Тэрээр мөн Б.Гантулгын адил бизнесүүд, салбар чиглэлээрээ илүү нэгдэж, "COVID-19"-ээр гарсан боломжуудыг ашиглаасай гэсэн санааг давтан хэлж байв. 

  • "COVID-19"-ийн цар тахлын улмаас уналтад орж хамгийн их нөлөөнд өртсөн аялал жуулчлаын салбарыг эргэн сэргээхийн тулд олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу шинэ стратегиар ажиллах шаардлага тулгарсан. 
  • "COVID-19"-тэй холбоотой эдийн засгийн хүндрэл хөрөнгийн зах ээлийг хөгжүүлж байж цаашид гарах эрсдлийг даван туулна гэдэг нь харагдсан. Ийм боломж, сорилт "COVID-19"-ийн дараа харагдаж буйг бизнес эрхлэгчид салбар салбараараа жишээ татан хэлж байна. 


Шинэ коронавирусний цар тахлын нөхцөл байдалд цахим бизнес голлож гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийг, ажил хэрэгч хүмүүс, компани, ААН-үүдийг  чухам л холбох гол гүүр нь цахим холбоо хэлхээ харилцаа болж, үүний гол чиглэл цахим худалдаанд төвлөрсөн. Төр, засаг ч гэсэн бараг бүх үйлчилгээгээ цахим шилжүүлээд амжив. (Энэ нь МҮХАҮТ-аас бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх талаар төр, засагт тавьж ирсэн шаардлагын нэг үр дүн юм). 

Бизнест цахим худалдаа голлох болсны нэг жишээнд бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ "COVID-19"-ийн халдвар дэгдэхийн өмнө,  2019 оны эцсээр Монголын ААН-үүдийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргахаар цахим худалдааны платформ талбарыг албан ёсоор эхлүүлж, 2020 оны 1 дүгээр сард бараа, бүтээгдэхүүний эхний ачилтыг хийгээд байв. Гэвч цар тахлын улмаас хоёр улсын хил тодорхойгүй хугацаагаар хаагдан зогссон юм. Энэ нь "COVID-19"-ийн дараа сэргэх нэг бизнес болон цар тахлын дараах үед хүлээгдэж байна. 

"COVID-19"-ийн нөхцөлд жишээ нь, МҮХАҮТ зүгээр суугаагүй, цахим холбоо харилцааг ашиглан “Монголын худалдааг дэмжих” ТРАМ төслийн үйл ажиллагаа болон “Берлин дэх Монголын Мэдээлэл худалдааг дэмжих Европын төв"-ийг байгуулсан.


Ингэснээр Монгол Улс болон Европын холбооны иргэд, ААН, байгууллагуудыг холбох гүүр болж Монголын байгалийн түүхий эдээс гаралтай, өндөр чанартай, өрсөлдөх чадвартай органик бараа бүтээгдэхүүнийг хямд өртгөөр Германы болон ЕХ-ны зах зээлд гарах гарцыг бий болгосон. Энд Монголын арьс шир, чацаргана, эсгий эдлэл, ноос ноолуур, модон эдлэл, цай, ургамал, жимсний чанамал болон бусад сайн чанарын, байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүнүүдийг нэн тэргүүнд экспортлох боломж нээгдээд байна.

Мөн Монгол Брэндийн холбооноос үүсгээд буй цахим талбараар дотоодын компани, ААН-үүд, ЖДҮ эрхлэгчид болон өрхийн үйлдвэрлэгч нар өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй сурталчлах боломжтой болсон зэрэг олон жишээг энд хэлж болно. 

Б.Болд

Гэрэл зургуудыг Б.Чадраабал


Связанные новости