Сүга Ёшихидэ, Ши Жиньпин нар утсаар ярина
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, БНХАУ-ын дарга Ши
Жиньпин нар энэ долоо хоногийн сүүлээр утсаар ярихаар төлөвлөж байна гэж Японы
Засгийн газрын эх сурвалжууд мягмар гарагт мэдээллээ.
“Япон, Хятадын
харилцааг улам өргөжүүлэхэд баасан гарагт товлоод буй хэлэлцээний зорилго
оршино” гэж эх сурвалжууд мэдээлжээ. Мөн талууд Японд хийх Ши Жиньпиний хойшлогдсон
айлчлалын талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Японы Ерөнхий сайд
асан Абэ Шинзо, Ши Жиньпин нар 2018 оны тавдугаар сард холбоо барьснаас хойш
хоёр орны удирдагчид анх удаа утсаар ярих гэж буй нь энэ ажээ.
БНХАУ-ын дарга Японд
энэ хавар төрийн айлчлал хийж Японы эзэн хаан Нарүхитотой уулзаж, эзэн хааны
ордонд хүндэтгэлийн зоог барихаар төлөвлөж байсан боловч коронавирусний цар
тахлын улмаас хойшлуулсан юм.
БНХАУ болон Японы
чухал холбоотон болох АНУ-ын хооронд хурцадмал байдал өсөн нэмэгдсэн энэ үед Сүга
Ёшихидэ, Ши Жиньпин нар утсаар ярина.
“Хоёр орны
удирдагчид цар тахалтай тэмцэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллах төлөвтэй
байгаа хэдий ч Өмнөд Хятадын тэнгис дэх арлууд зэрэг хоёр орны дунд урт хугацааны
турш маргаантай байгаа асуудлыг хөндөх эсэх нь тодорхойгүй байна” гэж эх
сурвалжууд мэдээлжээ.
Сүга Ёшихидэ мягмар
гарагт Германы Канцлер Ангела Меркельтэй утсаар ярьж, цар тахлыг намжаах, Энэтхэг-Номхон
далайн бүсийг чөлөөтэй, нээлттэй болгох чиглэлд нягт хамтран ажиллахаар
тохиролцсон байна.
Мөн Японы Ерөнхий
сайд Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишельтэй утсаар ярьжээ.