ДЭМБ: Цар тахал НҮБ-ын гүйцэтгэх үүрэг чухал ач холбогдолтой болохыг харуулж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЖЕНЕВ. /TASS/.
Коронавирусний цар тахал нь НҮБ-ын гүйцэтгэх үүрэг дэлхий
дахинд чухал ач холбогдолтой болохыг харуулж байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
“Дэлхийн
хоёрдугаар дайны үеэс хойших нэг ч хямрал НҮБ гэдэг байгууллага оршин тогтнож
буй нь ийм чухал ач холбогдолтой болохыг цар тахал шиг харуулаагүй” гэж тэрбээр мэдэгдэхийн
сацуу энэхүү нийтлэг аюул заналхийллийг хамтын арга замаар л зохицуулах
боломжтойг цохон дурджээ.
Үүнтэй холбогдуулан коронавирусний вакциныг гарган
авсны дараа бүх улс оронд шударгаар хуваарилах зорилготой “COVAX” олон
улсын механизмд улс төрийн, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг ДЭМБ-ын тэргүүн улс
орнуудад уриалжээ.
“COVAX” механизмын нэг хэсэг болох коронавирустэй
тэмцэх арга хэрэгслийн хүртээмжийг хурдасгах “ACT Accelerator” санаачилгын
хэрэгцээнд улс орнууд нийт
2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн хэдий ч нийт 35
тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх хэрэгцээтэй байгааг Тедрос
Аданом Гебрейесус мэдэгдэв.
"Дэлхий дахинд нийт 200 орчим вакцины хөгжүүлэлт хийгдэж
байна. Цар тахлаас үүдэлтэй хямрал дэгдэж эхэлснээс хойш л ДЭМБ вакцин гарган
авахад дэлхий нийтээрээ хүчин чармайлт тавихыг дэмжсээр ирсэн. Одоогоор
хөгжүүлж буй вакцинуудын алиныг нь ч амжилттай гэх баталгаа байхгүй. Вакцины
туршилтууд хийгдсээр байх тусам аюулгүй, үр дүнтэй бэлдмэл гарган авах боломж
илүү өндөр байна" хэмээн тэрбээр онцлон тэмдэглэлээ.