Либерал Ардчилсан намын даргын сонгуулийн кампанит ажил эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-09-08 12:17:17

ТОКИО. /NHK/. Японы эрх баригч намын дараагийн удирдагчийг сонгох кампанит ажил өнөөдөр албан ёсоор эхэллээ. Либерал Ардчилсан намын /ЛАН/ даргын сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа гурван нэр дэвшигч илэрхийлээд байна.


Уг сонгуульд ялалт байгуулсан хүн нь эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцорч буй Абэ Шинзогийн халааг авч, Японы дараагийн Ерөнхий сайд болох юм. Гурван нэр дэвшигчийн ажлын хэсгийн төлөөлөгчид кампанит ажлаа албан ёсоор эхлүүлэхээр намын төв байранд бичиг баримтаа хүлээлгэн өгчээ.


Олон нийт аль нэр дэвшигч нь коронавирусний халдвартай тэмцэх, эдийн засгийн уналтыг зохицуулах, орон нутгийг хөгжүүлэх зэрэг чиглэлд Абэ Шинзогийн бодлогыг үргэлжлүүлэх эсэхэд голчлон анхаарах төлөвтэй байна.


ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ишиба Шигэрү нь намын даргын албан тушаалд дөрөв дэх удаагаа өрсөлдөж байна. Батлан хамгаалахын сайд байсан тэрбээр олон жилийн турш Абэ Шинзогийн өрсөлдөгч байсан юм. Ишиба Шигэрүгийн хувьд орон нутагт ажлын байр бий болгож, орлогыг нэмэгдүүлэн амьжиргааны түвшнийг сайжруулахаа амлажээ.


Сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэ нь Абэ Шинзогийн хамгийн ойр дотны туслахуудын нэг байсаар ирсэн юм. Тэрбээр Абэ Шинзог найм орчим жилийн турш алба хаших хугацаанд Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэсэн билээ. Сүга Ёшихидэгийн хувьд Абэ Шинзогийн бодлогуудыг үргэлжлүүлэхээ амласан бөгөөд үүнд шинэ коронавирусний тархалтыг хязгаарлахын сацуу эдийн засгийн үйл ажиллагааг хэвээр байлгах багтжээ.


ЛАН-ын бодлогын асуудал хариуцсан дарга Кишида Фүмио нь дунд орлоготой иргэдийг эн тэргүүнд тавьсан эдийн засгийн бодлогыг дэмжинэ гэдгээ мэдэгджээ. Мөн Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашиж байсан туршлагадаа тулгуурлан дипломат ажиллагаанд технологи, соёлыг чухалчлахаа амласан байна.


Ирэх долоо хоногийн даваа гарагт 535 саналаар сонгуулийн ялагч тодорно. Тэдгээр саналын 394 нь намын хууль тогтоогчийнх, үлдсэн нь мужийн төлөөлөгчдийнх байх юм. ЛАН тухайн өдрийнхөө орой шинэ даргаа олон нийтэд танилцуулна. 

Связанные новости