Герман, БНХАУ олон талт хамтын ажиллагааг бэхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-09-02 14:32:09

БЕРЛИН. /Xinhua/. Герман, БНХАУ олон улсын асуудалд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр талын харилцааг хөгжүүлэхээр тохиролцжээ.


Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер тус улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзах үеэр ийнхүү мэдэгдсэн байна.


Ф.Штайнмайер манай улс хоёр талын харилцаанд өндөр ач холбогдол өгсөөр ирсэн гэдгийг онцлоод, олон улсын нөхцөл байдал хурцдаад буй энэ үед Хятад улстай нягт, өнө удаан харилцаагаа хэвээр хадгалах хүсэлтэй байгаа илэрхийлжээ.


Герман улс нэг-Хятад зарчим болон олон улсын асуудалд олон талт хамтын ажиллагааг баримтлах байр суурийг дэмждэг гэдгийг тэрбээр дахин нотлоод, манай улс дэлхийн орнууд бие биеийнхээ эсрэг хуваагдахыг хүсэхгүй байна хэмээн хэлсэн байна.


Ван И үүний хариуд, “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтад авах ажиллагаа ердийн дэглэм болоод буй энэ үед миний бие Герман, Европын орнуудад айлчилсан нь манай улс Герман, Европын харилцаанд өндөр ач холбогдол өгдгийг харууллаа гэж хэлжээ.


Хятад улс вакцин гарган авах, цар тахлыг даван туулах зэрэг коронавирустэй тэмцэх үйлсэд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын харилцааны үндсэн зарчмуудыг хамгаалахын тулд олон талт үзлийг бэхжүүлж, нэг талт үзлийг эсэргүүцэх чиглэлд Герман болон Европын Холбоотой хамтран ажиллахыг эрмэлзэж байна гэж тэрбээр мэдэгджээ.


Мөн талууд олон улсын одоогийн нөхцөл байдал, Хятад-Германы хамтын ажиллагаа болон бусад тулгамдсан асуудлын талаар санал бодлоо солилцсон байна. 

Связанные новости