Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 12.9 хувиар өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос энэ оны эхний 7 сарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг өнөөдөр цахимаар хүргэлээ.
Mөнгөний нийлүүлэлт энэ оны 7 дугаар сарын эцэст 5.3 хувиар өсөж, 21.4 их наяд төгрөг болжээ. Тус үзүүлэлт өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр өсөхөд:
- валютын хадгаламж 1.7 (56.7 хувь) их наяд төгрөгөөр,
- төгрөгийн хадгаламж 243.2 (2.2 хувь) тэрбум төгрөгөөр,
- хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 16.5 (2.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
ААН, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл мөн 7 дугаар сарын эцэст 17.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 40.4 (0.2 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 945.1 (5.2 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.7 (50.3 хувь) их наяд төгрөг нь иргэдийнх байна.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 7 дугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 129.5 (12.9 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 257.9 (29.4 хувь) тэрбум төгрөгөөр өсөв. Энэ нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.8 пунктээр өсжээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны 7 дугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 25.0 (1.3 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 10.9 (0.6 хувь) тэрбум төгрөгөөр өсөв. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр мөн өсжээ.