Алтны агууламжтай 20 шуудай чулуу олборлосныг илрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Хэнтий аймгийн нутаг дэвсгэр “Гутайн даваа” орчимд зарим иргэд алтны агууламжтай 20 шуудай чулуу олборлон тээвэрлэж явсныг илрүүлэв.
Зөвшөөрөлгүй, дээрх хууль бус үйлдлийг хамгаалалтын "Жаран хас” албаны ажилтан бусадтай хамтран үйлдсэнийг Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран хийсэн хяналт шалгалтаар илрүүлж хэргийг аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Мөн хяналтын явцад “П” ХХК-ийн олборлолт явуулж байсан бүсэд самналт хийж хууль бусаар алтны агууламжтай чулуу олборлож байсан нүхийг илрүүлжээ. 10-12 метрийн гүн ухаж гаргасан 2 нүхийг нуух зорилгоор аман дээр нь харуулын байр байгуулж тагласан байжээ. Уг нүхийг мэргэжлийн хяналтын байцаагч лацдан Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэж өгчээ.