Таван бүтээлд сайдын нэрэмжит грантын шагнал олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-01 11:46:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Н.Баярсүх удирдагчтай “Вандуйн баялаг сорт” сэдэвт бүтээл ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит грант шагнал хүртлээ. 

Түүнчлэн ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн салбарын профессор, доктор Л.Удвал удирдагчтай “Хүүхдийн гутлын дизайн, технологи боловсруулалт”, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Молекул генетикийн лабораторийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор Д.Даваасүрэн удирдагчтай “Адууны нийлүүлгийн өвчний түргэвчилсэн оношлуур” сэдэвт бүтээлд салбарын сайдын нэрэмжит шагнал олгов. 

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнс, судлалын эрдэм шинжилгээний төвийн эрхлэгч, доктор Г.Төрмөнхийн ахалсан “Хүнсний бүтээгдэхүүнийг бичил шим тэжээл био-иодоор баяжуулах судалгаа-үйлдвэрлэлийн дүн” сэдэвт бүтээл, ШУА-ийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, доктор О.Нинжмаа удирдагчтай “Төмсний дахин боловсруулалтын Атар-1 сорт” сэдэвт бүтээлийн багт сайдын нэрэмжит грантын “Батламж”, 5 сая төгрөгийн грантыг тус тус гардуулав.


Дээрх бүтээлүүдийг ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн өчигдрийy хуралдаанаар хэлэлцэн, батламжилсан юм. Сайдын нэрэмжит грантын шалгаруулалтыг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталсан “Салбарын судалгаа, хөгжлийн ажилд грант олгох журам”-ын дагуу зохион байгуулжээ. 

Мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, ХАА-н эдийн засаг, техникийн чиглэлийн бүтээлүүдийг шинжлэх ухааны багтаамж буюу технологийн түвшин, ТЭЗҮ, зах зээлийн эргэлтэд орох чадамжийн түвшин буюу үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах бодит боломж, ижил төстэй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнээс давуу тал, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй түвшин зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь үнэлгээ өгөн шалгаруулжээ.

Связанные новости