Нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын эрхийг хамгаалахыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн байгууллага УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй Ж.Эрдэнэбат, бие даан нэр дэвшиж буй Н.Номтойбаяр нарыг цагдан хорих шийдвэр гаргасан нь Үндсэн хуулиар олгосон сонгох, соногдох эрхэд нь халдсан шийдвэр хэмээн үзэж, СЕХ-нд өнөөдөр шаардлага хүргүүллээ. Шаардлагыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон МАН-ын гишүүд нийтэд танилцуулсан юм.
Уг шаардлагад, “Монгол Ардын намаас УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх, УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр нарын сонгогдох эрхийг зөрчсөн шийдвэр нь нийгэм, улстөрийн ноцтой үр дагавар үүсгэх эрсдэлтэй. Зөвхөн нэр дэвшигчид биш тухайн тойргийн сонгогчдын эрхэнд халдсанаар нийгмийн санаа бодолд нөлөөлөх олон талын хорт үрт дагавартайг үүгээр сануулан, хуулиа дээдлэхийг албан ёсоор шаардаж байна.
УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа Жаргалтулгын Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны зургадугаар сарын 11-нд гаргалаа. Энэхүү үйлдэл нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Монгол Улсын сонгуулийн тухай хуулийг илтээр зөрчиж иргэний сонгох, сонгогдох үндсэн эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар СЕХ-нд олгогдсон сонгууль зохион байгуулах бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгон сонгуульд оролцуулж байгаа үйл ажиллагаанд нөлөөлсөн буюу 5 дугаар зүйлийн 5.5-д “Иргэн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах….-ыг хориглоно.” 14 дүгээр зүйлийн 14.13-т “Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулахад төрийн албан хаагчид болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.” Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1-д “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэрэг болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглоно” гэж тус тус заасныг ноцтой зөрчлөө” гэжээ.
Тиймээс сонгуулийн төв байгууллагыг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, нэр дэвшигчын эрхийг хамгаалахыг шаардсан байна.