Зеленский ОХУ-тай харилцаагаа сэргээх болзлыг хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-06-11 14:53:30

КИЕВ. /TASS/. Москва, Киевийн өмнөх харилцааг сэргээхэд хэдий хэр хугацаа шаардагдах нь одоогоор тодорхойгүй байгаа боловч Крымийг Украинд шилжүүлэн өгөхгүйгээр хоёр ард түмний хооронд харилцаа холбоо тогтоох боломжгүй гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. 


“Крымийг буцааж өгөхгүйгээр Украин, Оросын ард түмэн, ирээдүй хойч үеийнхний хувьд хоорондоо найрсаг, нээлттэй, хэвийн харилцах боломжгүй юм” гэж тэрбээр "Украинская правда" сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Зеленский мөн Крымд болсон үйл явдлын төлөө "Оросын ард түмэн хэдэн жилийн дараа ичих болно" гэж үзэж байна. Үүнээс гадна, тэрбээр тус хойг дахин Украины нэг хэсэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.


“Орос, Украины харилцааг хэвийн болгоход хэдэн жил шаардагдахыг би мэдэхгүй байна. Энэ асуултад надад хариулт байхгүй” гэж тэрбээр тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ, Зеленский улс орнууд газарзүйн байршлаасаа болоод хамтарч ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэжээ. "Бид энэ "орон сууцанд" амьдардаг хөршүүд бөгөөд хэн ч нүүхгүй" гэж тэрбээр цохон хэлсэн байна.


2014 оны гуравдугаар сард Украинд улс төрийн хямрал, төрийн эргэлт болсны дараа Крымийн Дээд зөвлөл, Севастополь хотын зөвлөл тусгаар тогтнолын тухай тунхгийг баталсан юм. Гуравдугаар сарын 16-ны өдөр Крым, Севастопольд бүх нийтийн санал асуулга явуулсан бөгөөд Крымийн иргэдийн 96.77 хувь нь Севастополийн оршин суугчдын 95.6 хувь нь ОХУ-д нэгдэхийг дэмжжээ. Гуравдугаар сарын 18-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бүгд Найрамдах Крым Улс болон Севастополийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж, дараа нь уг гэрээг Төрийн Дум болон Холбооны улсын зөвлөл баталжээ. Крымийн ард иргэдийн хүсэл зоригийн үр дүнг Украины эрх баригчид хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан билээ.

Связанные новости