Арктикийн төлөөх аниргүй тулаан
ТОЙМ
Өдгөө дэлхий дахинаараа Ойрхи
Дорнодын бүс нутагт болж буй үйл явдалд анхаарлаа хандуулан сатаарах зуур манай
гарагийн өөр нэгэн бүс нутагт баялгийн төлөөх далд тэмцэл хэдийнэ эхэлжээ. Хойд
туйл буюу Арктикт байгалийн хий, газрын тосны асар их нөөц байгаа нь тодорхой
болсны дараа том, жижиг орнуудын стратегийн ашиг сонирхол хоорондоо илт “огтлолцох”
болов. Тэр дундаа их гүрнүүд Арктикийн орон зайг хуваан эзэмшихээр далдуур нухацтай
бэлтгэж байгаа бололтой.
Сүүлийн үед Гренландын хойгийн
мөсөн давхарга маш хурдацтай хайлж байгаагаас үүдэн хэдхэн жилийн дараа буюу
2040 он гэхэд Арктикийн мөс бүрмөсөн хайлж дуусна гэсэн таамгийг эрдэмтэд
дэвшүүлжээ. Тэгэхээр тун удахгүй Арктикийн асар их баялгийг олборлоход хялбар
дөхөм болж, түүнд хүрэх зам харгуй ч чөлөөтэй болох нь. Атлантын далайгаас
Номхон далай хүрэх хамгийн дөт усан зам нээгдэж, дэлхийн даяар худалдаа арилжаа
улам өргөжих болно.
Нөгөөтэйгүүр, энэ нь геостратегийн
өрсөлдөөний шинэ чиглэлийг бий болгож, 2020 он гэхэд Арктикийн баялгийн төлөөх
тэмцэл нь улс төрийн ил шууд сөргөлдөөнд хүргэнэ гэсэн дүгнэлтийг Jane’s Review
гэдэг Лондонд хэвлэгдэн гардаг сэтгүүлд дурдсан байна.
НҮБ-ын мэдээгээр, Арктик дахь
газрын тосны нөөц 100 тэрбум баррель байгаа нь ОХУ дахь нийт нөөцөөс 2,4 дахин их
аж. Харин АНУ-ын Геологийн албаны судалгаагаар, Хойд туйлд 90 тэрбум баррель
орчим нефть буюу дэлхий даяараа 3 жил хэрэглэхэд элбэг хүрэлцэхээр нөөц байгаа
нь одоохондоо илрүүлээгүй байгаа дэлхий дээрх нийт нөөцийн 13 хувь болж байна.
Харин 50 их наяд шоо метр байгалийн хий буюу таамаг нөөцийн гуравны нэгээс илүү
хувь нь цас мөсөөр хучаастай байгаа ажээ.
Гэхдээ Арктик нь ирээдүйд Персийн
булантай дүйцэхээр хэмжээний газрын тосны том бүс нутаг болно гэж үзвэл
хэтрүүлэг болно. Харьцуулваас, Хойд туйлд 134 тэрбум баррель нефтийн нөөц байгаа бол
Ойрхи Дорнодын улсууд 1135 тэрбумын нөөцтэй гэдгийг Америкийн Геологийн албаны
судалгаа харуулж байна.
АРКТИКААС БОЛЖ ХҮЙТЭН ДАЙН ДЭГДЭХ
ҮҮ?
Арктикийн асар их баялаг Орос, Канад, АНУ, Хятад зэрэг гүрнүүдийн анхаарлыг татах болсноор эдгээр улс бөмбөгдөгч онгоц, шумбагч хөлөг онгоцуудаа ашиглан Хойд туйлд хараа хяналт тавьж эхэллээ. Үүний сацуу, Арктик орчмын орнууд болох Норвеги, Дани хоёр ЗХУ задарснаас хойш хийхээ больсон цэргийн сургуулилалтаа сэргээв. Ирак, Афганистанд зэрэг дайн хийснээр анхаарал нь хэсэг хугацаанд сатаараад байсан хэдий ч америкчууд дээрх орнуудаас хоцролгүйгээр мөсөн дор хэдэн сараар байх боломжтой цөмийн шумбагч онгоцуудаа ашиглан Арктик орчимд эргүүл хийсээр байна.
Ингэхэд ер нь Арктикийн асуудлыг
эвээр зохицуулах боломж бий юү? Хэрвээ маргааныг тасалж чадахгүй бол
шинэ хүйтэн дайн дэгдэх юм биш биз?
1982 онд батлагдсан НҮБ-ын Далайн
эрхийн Конвенци нь /UNCLOS/ Арктикийн эх газартай холбоотой асуудлыг
зохицуулдаг хууль эрх зүйн үндсэн гол баримт бичиг юм. Уг конвенцид зааснаар,
Арктик орчмын улс бүрт өөрийн хуурай замын хилийн дагуухь 200 бээр газарт эдийн
засгийн бүстэй байх эрхийг олгожээ. Үүнээс цааших нутаг дэвсгэрийг бүх улс
орнууд эрх тэгш хуваан эзэмших эрхтэй аж.
Хэрвээ үнэхээр Хойд мөсөн далайд
олборлолт явуулах боломжтой гэж үзэх юм бол байгаль, цаг уурын маш хүнд нөхцөлд
үүнийг хийхэд хүрнэ. Жилийн агаарын дундаж хэм нь -37, дунджаар 3 м
зузаан мөсөөр хучигдсан Арктикт туйлын шөнө удаан үргэлжилнэ. Тэгэхээр энэ
нутагт нефть, хий олборлох төслийн үнэ өртөг ч талийж өгөх нь ойлгомжтой тул “алаагүй
баавгайн арьсыг арав хуваахын үлгэр”-тэй төстэй гэмээр.
Гэсэн хэдий ч АНУ, Өмнөд Солонгос
болон Норвегийн эрдэмтэд мөсөн дор 2000 м-ийн гүнд байгаа нефть, хийн ордуудад
өрөмдлөг, олборлолт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг 2020 оноос өмнө
зохион бүтээх зорилт тавиад шаргуу ажиллаж байна.
ГОЛ ӨРСӨЛДӨГЧДИЙН АМБИЦ
Одоогоор Арктикийг эзэмших гэсэн
сонирхлоо бусдаас илүү ил тод, хүчтэй илэрхийлж буй 5 улс бий.
АНУ: Тус улс 2009 онд “Арктикийн
үйл ажиллагааны төлөвлөгөө”-гөө баталсан. Түүнээс гадна, үндэсний аюулгүй
байдлын асуудлаарх чиглэлийн чанартай хэд хэдэн баримт бичиг бий.
Судалгаанаас үзвэл, газрын тосны нөөцийн ихэнх хэсэг нь АНУ-ын Аляск муж улсын орчим, харин хийн нөөцийн нэлээд нь Оросын нутаг дэвсгэрт ойрхон байгаа аж. АНУ-ын хувьд, Аляскийн ачаар Арктик дахь эзэмшлээ нэмэгдүүлэх боломжтой боловч америкчууд 1982 оны Конвенцийг батламжлаагүй аж. Учир нь Орос, Канад хоёрын санал болгож байгаачлан Арктикийг секторын зарчмаар хуваавал АНУ-д Арктикийн нийт талбайн 10- хан хувь ногдохоор байгаа нь америкчуудад таалагдахгүй байгаа бололтой.
Өөр нэг арга бол эргийн
дагуух орнуудын эргийн шугамаас ижил зайд алслагдсан дундын шугамаар хуваах
явдал. Гэтэл уг хоёр аргын аль алинаар нь хуваалаа ч АНУ-ын хувьд ашиггүй тусч
байгаа ажээ. Ингэхээр америкчууд Арктикийг дундын эзэмшлийн бүс болгох, баялгийн
нөөцийг бүх улс орнууд захиран зарцуулах эрхтэй гэсэн чиг шугамыг барих болов
уу.
Канад: Тус улс ашиг сонирхлоо
хамгаалах үүднээс 2006 онд “Арктик болон Хойд туйлд хэрэгжүүлэх Канадын
бодлогын ерөнхий төлөвлөгөө” гэдгийг батлан хэрэгжүүлж байна.
Арктикийг секторын зарчмаар
хуваахын төлөө байгаагаа Канадын эрх баригчид нуудаггүй. Секторын зарчим гэдэг
нь хойд туйл дээр огтлолцож буй меридиануудаар Арктикийн эрэг орчим орших улс
орнуудад ногдох газар нутгийн хэмжээг тогтоох. Хэрвээ ингэж хуваавал, Орос
улсад 5,8 сая кв.км буюу хамгийн өргөн уудам газар нутаг ногдохоор байна.
Цаашлаад Канад, Дани, Норвеги, АНУ гэсэн дарааллаар Арктикийн “амтат бялуунаас”
хуваан хүртэх гэнэ.
Норвеги: Хойд туйл орчмын
орнуудын дотроос Норвеги улс Арктикийн олтриг дахь газар нутгийн асуудлыг
хамгийн ихээр хөндөж байгаа юм. Норвегичуудын авах гээд байгаа Баренцын тэнгис
дэх маргаантай байгаа нутгийн хэсэг нь 175 мянган хавтгай дөрвөлжин километр
талбай бүхий эх газрын тан юм. Тэгээд ч Норвегийн хаан “Шпицбергений тухай
хууль”-ийг баталсан нь Баренцын тэнгис дэх биологийн нөөц баялгийг ашиглах
асуудлаар дэгдсэн зөрчлийг улам хурцатгасан байна.
Норвегичүүд яагаад Арктик руу
ингэтлээ хүчтэй тэмүүлж байна вэ? Хойд тэнгис дэх газрын тосыг олборлон
хагартлаа баяжсан 5 сая гаруй хүн амтай энэ жижигхэн улсын иргэн бүрт 100 мянга
гаруй доллар ногдохоор хэмжээний их мөнгө Тэтгэврийн санд нь хуримтлагдаад
байгаа. Гэсэн хэдий ч тэнгисийн ёроол дахь баялаг нэлээд дундарсан нь
норвегичүүдийг сандаргаж байгаа бололтой. Тухайлбал, 2030 он гэхэд Хойд
тэнгисээс олборлож буй нефтийн хэмжээ 50 хувиар буурна гэсэн таамаглал бий.
НАТО-гийн гишүүн Норвеги улсын
хувьд, Баруун Европын орнууд болон АНУ-ын Арктик дахь стратегийн ашиг сонирхлыг
илэрхийлэн чиглүүлэгч болон хувирч байна. Улс төрийн хувьд тогтворгүй байгаа
Ойрхи Дорнодод эрчим хүчний эх үүсвэрээ даатгаад орхихгүй байхыг хүссэн, мөн Оросоос
үргэлж хараат байхаас залхсан баруун европчууд Норвегиос нефть болон хий
худалдан авах сонирхолтой байгаа юм.
ОХУ: Хэрвээ Хойд Мөсөн далайн ёроолд дахь 1800 км урт сунаж тогтсон Ломоносовын нурууг оросууд эзэмших эрхтэй гэдгийг НҮБ-ын тусгай комисс зөвшөөрвөл ОХУ Арктик дахь нүүрстустөрөгчийн нөөцийн 60 хувийг хяналтдаа авснаар гол өрсөлдөгчид болох Канад, АНУ-ыг ардаа орхино.
Тус улс Арктикт гидрографикийн
болон геологийн судалгаа явуулахын зэрэгцээ бүс нутгийн цаг агаарын байдалд
мониторинг хийх зорилгоор сансрын шинэ систем байгуулахаар төлөвлөж байна. Хойд
туйлын ёроолд титанаар хийсэн Оросын далбааг зоож байсан нэрт судлаач Артур
Чилингаровын ярьснаар, оросууд ЗХУ-ын үед байгуулсан туйлын судалгааны станцуудыг
сэргээхээр төлөвлөж, мөс зүсэгч хөлөг онгоцуудын тусламжтайгаар зорилгодоо хүрэх шийдвэр төгс байна.
2010 онд Оросын
Ерөнхий сайд В.Путин Хойд туйлаас 1000 км-ийн зайд орших Франц-Иосиф арал дээр
очсон нь үүнийг нотолж байна. Хэдийгээр 2001 онд НҮБ-ын комисс шинжлэх ухааны
нотолгоо хангалттгүй гэсэн шалтгаанаар Ломоносовын нурууг эзэмших Оросын эрхийг
хүлээн зөвшөөрөөгүй боловч оросууд дахин өргөдөл гаргахаар зэхэж байгаа ажээ.
Хэрвээ НҮБ Хойд туйл дахь Оросын эзэмшлийн эрхийг үл зөвшөөрөх аваас ОХУ Далайн
эрх зүйн Конвенциэс гарах магадлал бий. Харин НҮБ нааштай шийдвэр гаргаваас
Арктикийн 1,2 сая хав.дөр.км газар нутаг Орос улсын мэдэлд ирэх бөгөөд
ингэснээр оросууд Чукотк-Мурманск-Хойд туйл гэсэн гурвалжин бүст газрын тос,
байгалийн хий олборлох боломжтой болох юм.
Дани: Орос, Канад хоёроос гадна НҮБ-ын Далайн эрхийн комисст нэлээд хүчтэй төлөөлөл бүхий Дани улс Арктикийн төлөөх гол өрсөлдөгчдийн нэг болоод байна. Тус улс 62 мянган хав.дөр. км талбай бүхий Хойд туйлын газар нутгийг эзэмшихээр горилж байгаа бөгөөд энэ шаардлагаа үндэслэлтэй гэдгийг батлахын тулд хагас тэрбум доллар зарлагадаад байгаа гэнэ.
Тухайлбал,
даничууд Ломоносовын нурууг өөрийн газар нутгийн үргэлжлэл гэдгийг нотлохыг
оролдсоор байна. 2007 онд Данийн эрдэмтэд судалгаа хийж, Ломоносовын нуруу бол
Хойд Америк болон Гренландын тектоник хавтангуудын үргэлжлэл мөн гэсэн
дүгнэлтийг хийжээ. Харин оросууд уг нурууг Евразийн тектоник хавтан дээр
тогтдог хэмээн үздэг.
ТУЙЛД ГАРЦГҮЙ ОРНУУД ХООСОН ХОЦРОХ
УУ?
Ирээдүйд Арктикийн эх газар дахь
ашигт малтмалыг ашиглах нь технологийн хувьд боломжтой, арилжааны хувьд ашигтай
болох тэр үед UNCLOS гэрээ ч эргэлзээтэй болно гэдгийг ч үгүйсгэх аргагүй.
Тухайлбал, улс орон бүр далайг ашиглах эрхтэй гэдгийн нэгэн адилаар Арктикийн
бүсээс алс оршдог улс орнууд ч гэсэн Арктикийн баялгийг эзэмших эрхтэй гэдгээ
мэдэгдэж магадгүй юм. Энэ тохиолдолд ашигт малтмалын олборлолтыг зохицуулж буй
олон улсын хууль эрх зүйн тогтолцоо нуран унах нь гарцаагүй.
Одоогоор тус бүс нутагт гарцгүй БНХАУ зэрэг 27 орны бүлэглэл сонирхлоо албан ёсоор илэрхийлжээ. Хятад бол дэлхийн түлш, эрчим хүчний зах зээл дээрх маш хүчтэй тоглогч. Хаана нь л газрын тосны шинэ ордууд олдоно, тэдгээр нь Хятадын нефть олборлогчдын ашиг сонирхлын хүрээнд хэдийнэ орчихдог болоод удаж буй. Шпицбергенд хятадууд шинжилгээний лабораторио байгуулсан, мөс зүсэгч онгоц нь хоёр ч удаа Хойд мөсөн далай руу аялсан, мөн Арктикийн мөсөн доогуур аялж чадах тусгай шумбагч онгоц зохион бүтээж байгаа зэргийг дурдахад л хангалттай.
Дашрамд дурдахад, НҮБ-аас Арктикийн баялгийг хуваах
асуудлаарх бага хурлыг 2020 онд зохион байгуулахаар төлөвлөжээ. Гэтэл үнэндээ бол НҮБ орчин үеийн улс төрийн үйл явцыг хянах чадвараа нэгэнт алдаад
байгаа билээ.
Тэгэхээр 2020 он болох үед асуудлыг заавал Нью-Йоркт шийдэх шаардлагагүй болж улс бүр өөрт ногдох хувиа аль хэдийнэ хоорондоо тохиролцоод хуваагаад авчихсан, харин туйлд гарцгүй орнууд хоосон хоцрох магадлал бий. Ямартаа ч
Далайн эрхийн Конвенцид заасан
ёсоор, туйл орчмын орнууд өөрийн хуурай хилээс гадагш 200 бээр буюу 370 км-ийн
орон зай доторх далай тэнгисийн усан дор ашигт малтмалын хайгуул хийх, олборлох
эрхтэй гэдгийг дээр дурдсан билээ. Харин бусад бүх орон зай нь хүн төрөлхтний
дундын өмч гэж тооцогдоно. Дэлхийн аль ч улс орон Ямайк улсад байрлах далай
тэнгисийн асуудал эрхэлсэн олон улсын байгуулагад хандаж Хойд туйл хүртэлх орон
зайд хайгуул хийх хүсэлтээ илэрхийлэх боломжтой.
Үүнээс үүдэн Арктикийн 14 сая
750 мянган хав.дөр.км талбайг улс орнуудын нийтийн эзэмшлийн бүс мөн гэж тооцоод,
уг талбайг хүн амын тооноос нь хамааруулан дэлхийн улс орнуудад хувааж өгөхөөр
болжээ гэж бүдүүн тоймоор төсөөлье. Эл тохиолдолд манай Монгол Улсад хааш
хаашаагаа 79 км өргөнтэй талбай ногдох нь. Өөрийн орны өргөн уудам нутгийн
баялгийг дөнгөж ашиглаж эхэлж байгаа атлаа хаа холын Хойд туйлын газар нутагт
санаархах нь илүүц хэрэг гэж хэлэх хүмүүс олон бий. Гэхдээ ер нь бол цасан дор
булаастай байгаа чамгүй их баялгийг яаж ч хуваахаар боллоо гэсэн туйлд гарцгүй
орнуудын эрх ашгийг зайлшгүй харгалзан үзэх ёстой гэдэг нь маргашгүй үнэн.
Б.Адъяахүү 2013 он. “МОНЦАМЭ
ТОЙМ” сэтгүүл № 01