Монголбанкны 96 жилийн ой тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банкны ажилтны өдөр өнөөдөр тохиож байна. Тодруулбал, Монгол Улсад банк, санхүүгийн салбарыг үүсгэн хөгжүүлсний 96 жилийн ой тохиож байна.
1921 оны 3 дугаар сард үндэсний санхүүгийн системийн эх суурь тавигдаж, улмаар 1924 оны энэ өдөр Зөвлөлт Орос болон Монгол улсын хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын Худалдаа, аж үйлдвэрийн банк Монголбанкийг нээн ажиллуулжээ.
Энэ нь түүхэнд Монгол Улсад банк, санхүүгийн салбар үүссэн хэмээн албан ёсоор тэмдэглэгдэх болжээ. Монголбанк нь 1924 оны 6 дугаар сарын 2-нд үйл ажиллагаагаа эхэлж улмаар 1954 онд ЗХУ өөрийн банканд оруулсан хувь хөрөнгөө Монгол Улсын Засгийн газарт шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэснээр Монгол Улс үндэсний төрийн мэдлийн банктай болсон түүхтэй.
Хэдийгээр Монголын банкны салбар 96 жилийн түүхтэй ч үүнээс ч өнө эртний буюу Хүннү гүрний зоос мөнгөн тэмдэгт хэрэглэж эхэлсэн үеэс түүхэн он цагийг тоолох нь зүйтэй гэж судлаачид үзэх болсон. Өдгөө манай улс Монголбанк, арилжааны банк гэсэн хоёр шатлалт банкны тогтолцоотой болсон нь 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн нийгэмд шилжих эхлэлд буюу 1991 онд тохиосон шинэчлэлт юм.
Санхүү, эдийн засгийн нийт салбараас хамгийн түрүүнд шинэчлэлт өөрчлөлтийг хийсэн нь үндсэндээ банкны салбар буюу шинэ Үндсэн хууль батлахаас жилийн өмнө Монголбанк, Банкны тухай хуулийг батлан гаргаж байв. Түүнээс хойш Монгол Улсын банк, санхүүгийн салбар шинэ тогтолцоогоор 30 жил, түүхэн хөгжлөөрөө 96 жилтэйгээ золгож байна.