Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Катрин Ивкофыг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон “COVID-19” цар тахлын талаар санал солилцов.
Элчин сайд К.Ивкоф шинэ коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэхэд Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ үр дүнд хүрч, цар тахлын тархалтыг хязгаарлаж буй цөөхөн орны нэг болж байгааг тэмдэглээд, нөхцөл байдалтай холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар тодруулав.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбогдуулан авч буй арга хэмжээний талаар тайлбарлаж, улс орны эдийн засгийг сэргээх, ялангуяа гадаад худалдааг саадгүй үргэлжлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцлов.
Сайд нар нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр улс аль ч цаг үед бие биеэ дэмжин нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглэлээ.