Б.Сандерс Ж.Байденыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-04-14 18:11:41

ВАШИНГТОН. /BBC/. Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах сунгаанд өрсөлдөж байсан Берни Сандерс дэд Ерөнхийлөгч асан Жо Байденыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.


Вермонт муж улсын сенатч Б.Сандерс өнгөрсөн долоо хоногт сонгуулийн сунгаанаас нэрээ татсанаар Ж.Байден Ардчилсан намын сунгаанд үлдсэн цор ганц нэр дэвшигч болсон юм. Өдгөө 78 настай Б.Сандерс Дональд Трампыг ялахын төлөө нэгдэхийг Америкийн бүх иргэнд уриалсан байна.



Өдгөө 77 настай Ж.Байден Б.Сандерсийн дэмжлэгийн хариуд талархал илэрхийлжээ. “Би өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийг дэмжихийг Америкийн бүх иргэнд, Ардчилсан намын бүх гишүүнд, нам бус хүмүүст, Бүгд Найрамдах намын олон гишүүнд уриалж байна” гэж Б.Сандерс хэлжээ.


Вермонт муж улсын сенатч “манай улсын орчин үеийн түүхэн дэх хамгийн аюултай ерөнхийлөгч” хэмээн Д.Трампыг тодорхойлсон байна. Залуу сонгогчдын дунд нэр хүндтэй Б.Сандерс эхний сунгаануудад тэргүүлж байсан боловч сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Ж.Байдены ард бичигдэх болсон юм. Б.Сандерс мөн 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөж байсан билээ. 

Связанные новости