"Mongolia Mining 2020" олон улсын үзэсгэлэн түр хойшлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавируст халдвар дэлхийн улс орнуудад тархсантай холбогдуулан "Mongolia Mining 2020" олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэнг түр хойшлуулж байгааг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдэгдэв.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 8-10-нд товлож бэлтгэл хангаад байсан юм. Монгол Улсад ирсэн франц иргэнээс шинэ коронавируст халдвар илэрсэн тул үзэсгэлэнгийн товлосон хугацааг цуцалж байгаа ч хамтрагч байгууллагынхаа ажилд аль болох таатай байхаар төлөвлөж уул уурхайн улирлыг угтан зохион байгуулахаар болжээ. Зохион байгуулах хорооноос үзэсгэлэнг шинээр товлох өдрөө 30 хоногийн өмнө зарлах юм байна.
Асууж тодруулах зүйл байвал үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны "976 11 344010" дугаар болон info@mongolia-mining.org цахим шуудангаар холбогдох боломжтой.