АНУ талибуудын байрлалд агаарын цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /TASS/. АНУ-ын Зэвсэгт хүчин Афганистаны хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний босогчдын байрлалд лхагва гарагт агаарын цохилт өгчээ.
“Афганистаны Зэвсэгт хүчний хяналтын цэгүүд рүү халдсан, Гильменд муж дахь “Талибан” хөдөлгөөний босогчдод бид агаарын цохилт өглөө. Энэхүү цохилтыг босогчдын халдлагыг зогсоож, өөрсдийгөө хамгаалах зорилгоор өгсөн. Энэ бол сүүлийн 11 хоногийн хугацаанд манай талаас “Талибан”-д өгсөн анхны цохилт юм” гэж Афганистан дахь Америкийн хүчний /USFOR-A/ төлөөлөгч, хурандаа Сонни Леггетт “Twitter” хуудсандаа мэдэгдсэн байна.
Тэрбээр талибуудад хандан утгагүй дайралтаа зогсоож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалжээ.
АНУ болон “Талибан” хөдөлгөөн хоёрдугаар сарын 29-нд Катарын нийслэл хотноо найрамдлын гэрээ байгуулсан билээ. Уг гэрээнд гадаадын цэргүүдийг 14 сарын дотор Афганистанаас гаргах, хоригдлуудыг солилцох хэлэлцээ хийсний дараа Афганистан хоорондын яриа хэлэлцээг энэ сард эхлүүлэхээр заасан байна. Талууд гэрээнд гарын үсэг зурах үеэр таатай орчин бүрдүүлэхийн тулд Афганистан дахь хүчирхийллийг багасгах долоон хоногийн хугацааг хоёрдугаар сарын 22-ноос эхлэн тогтоохоор өмнө нь тохиролцжээ. Гэвч талибууд Афганистаны Засгийн газрын эсрэг цэргийн ажиллагаагаа сэргээж байгаагаа энэ сарын 2-нд мэдэгдсэн байна.