"ЭТТ"-н хувьцаатай холбоотой зөвлөмж гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг тараахаар болсонтой холбогдуулан Монголын Хөрөнгийн бирж, СЗХ зөвлөмж мэдээлэл гаргаад байна.
Тодруулбал, Монголын Хөрөнгийн биржид хандан ногдол ашиг авах, үнэт цаасны данс нээлгэх, 1072 ширхэг хувьцаатай холбоотой тайлбар, мэдээлэл авахыг хүсэж байгаа иргэдийн тоо сүүлийн 2 өдөр ихээхэн нэмэгджээ. Үүнд МБХ тайлбар өгөн иргэдэд хандсан зөвлөмж гаргахдаа:
- Нэгд, иргэд үнэт цаасны дансаа нээлгээгүй байсан ч ногдол ашгийн мөнгөн хөрөнгө “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв"-д хадгалагдаж байгаа,
- Хоёрт, ногдол ашиг хуваарилах ажиллагаа 2020 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэх тул коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэдийг өөртөө болон бусдад эрсдэл үүсгэхгүй, хэт яаравчлахгүй байдлаар үнэт цаасны дансаа нээлгэнэ үү гэсэн байна.
- Хэрэв иргэн үнэт цаасны данс нээлгэхийг хүсвэл юуны түрүүнд "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв"-ийн цахим хуудас эсвэл 15-89-89 дугаарт регистерийн дугаараа латин үсгээр бичиж илгээснээр өмнө нь данс нээлгэж байсан эсэхээ шалгаж болно. Үнэт цаасны данстай бол дахин нээлгэх шаардлагагүй гэжээ.
Үнэт цаасны дансыг 2018 оноос эхлэн цахимаар нээх боломжтой болсон тул иргэд заавал үнэт цаасны компани дээр биеэр очихгүйгээр дансаа нээлгэж болно. Уг дансыг Хөрөнгийн биржид бүртгэлтэй аливаа компанийн хувьцааны арилжаанд оролцох, “ЭТТ” ХК-ийн хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэгдсэний дараа арилжаалах үед ашиглана гэж зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар дараах үнэт цаасны компаниуд цахимаар данс нээх үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
“Апекс Капитал ҮЦК” ХХК - https://dbx.apex.mn/
“Ард Капитал ҮЦК” ХХК - http://dbx.ardcapital.mn
“Ард Секюритиз ҮЦК” ХХК - http://dbx.ardsecurities.com/
“БиДиСЕК ҮЦК” ХК - https://reg.bdsec.mn/
“Бумбат Алтай ҮЦК” ХХК - http://dbx.bumbat.mn/
"Гаүли ҮЦК" ХХК - http://www.gauli.mn/
“Голомт Капитал ҮЦК” – SocialPay
“Гүүдсек ҮЦК” ХХК - https://goodsec.mn/online
“Масдак ҮЦК” ХХК - http://masdaq.msem.mn/login
“Өндөрхаан ҮЦК” ХХК - https://undurkhaan.msem.mn/
“ТиДиБи Капитал ҮЦК” ХХК - https://www.tdbcapital.mn/page/open-brokerage-account
“Стандарт Инвесмент ҮЦК” ХХК - https://dbx.standardinvestment.mn/
Нийт гишүүн брокерийн компаниудын хаяг байршлийн мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Дээрх мэдээллийн талаар мөн СЗХ-ноос зөвлөсөн байна.
Тодруулга: "ЭТТ" ХК-ийн ТУЗ 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус компанийн зүгээс ногдол ашгийг 2020 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн “ҮЦТХТ” ХХК-иар дамжуулан тараах талаар мэдэгдээд байгаа юм.
Б.Болд