Давагдашгүй хүчин зүйлийг үнэ төлбөргүй гэрчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний хоригоос шалтгаалж эрсдэлд ороод буй бизнес эрхлэгчдийг хамгаална гэж Монголын Үндэсний, худалдаа аж үйлдвэрийн танхим мэдэгдэв.
Тодруулбал, бусадтай хийсэн бизнес, хамтын ажиллагааны гэрээний үүргээ биелүүлж чадаагүй нөхцөл байдал үүсэж, бизнест нь эрсдэл учирч байгаа бол МҮХАҮТ-д хандан давагдашгүй хүчин зүйлийг тодорхойлуулж, бизнесээ хамгаалах боломжтой гэдгийг МҮХАҮТ-ын удирдлага илэрхийллээ.
Тэгвэл энэ дагуу коронавирусний тархалтаас үүдэлтэй хорио цээрийн онцгой нөхцөлд нийгмийн хариуцлагын хүрээнд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор МҮХАҮТ Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хураамжийн үнийг энэ оны 3 дугаар сарын 2 хүртэл чөлөөлж, үнэ төлбөргүй болгожээ.
Гэрчилгээ нь ердийн нөхцөлд 550 мянган төгрөг, яаралтай буюу 7 хоногийн дотор гаргуулахад нэг сая төгрөгийн хураамжтай байсан аж. Тэгвэл хураамжийг чөлөөлснөөр хорионы хугацаанд бизнес эрхлэгч, ААН-үүдэд зөвхөн баримт материал, судалгааны ажлын хөлс буюу 100 мянган төгрөг төлөөд гаргуулж авах боломжийг олгож байгаа юм байна.
Коронавирусний хоригоос үүдэлтэй торгууль, алданги төлөхөөр болж, бизнест хохирол учирч эрсдэлтэй нөхцөл үүсэх тохиолдолд форс мажор буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулж авахыг зөвлөж байна.