Шинэчилсэн мөнгөн дэвсгэртүүдийг ирэх долоо хоногт гүйлгээнд гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-07 15:19:18
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50, 20.000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргахаар боллоо. Шинэ мөнгөн дэвсгэртүүдийг энэ сарын 10-наас эхлэн банкуудад гаргаж, банкууд харилцагчиддаа олгох замаар гүйлгээнд нэвтрүүлнэ. 


Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой байх бөгөөд 3 хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон 3 хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэгтэй байх юм. Шинэ 20.000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлог аж.


Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангаж, нөөцийг дахин бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх явдалтай тэмцэхэд анхаарал хандуулж, үндэсний мөнгөн тэмдэгтүүдийн хамгаалалтын элементийг сайжруулж, шинэчлэхэд анхааран ажиллаж байна.

Связанные новости