Шүлхийн вакцины цех ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-04 14:55:31
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн соёрхолт малын эмч Х.Цодойн нэрэмжит вирусний вакцин үйлдвэрлэлийн 2 дугаар цех өнөөдөр ашиглалтад орлоо.


Монгол Улсад шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэх техникийн чадамжийг бий болгох зорилгоор 2014 оноос Олон улсын атомын энергийн агентлагийн дэмжлэгтэйгээр MON5023 төслийг эхлүүлсэн. Уг төсөлд Олон улсын атомын энергийн агентлаг 360 мянган еврогийн хөрөнгө оруулж, Монгол Улсын Засгийн газар вакцины технологийг боловсруулахад шаардлагатай 100 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн юм.


Дээрх цех ашиглалтад орсноор, шүлхийн вакцины өтгөрүүлгийг дотооддоо шингэлэн савлаж, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх болон нэн яаралтай нөхцөлд богино хугацаанд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байна.


Дэлхийн даяаршил, хүн амын өсөлт, суурьшлын нягтаршил, шилжилт хөдөлгөөн, цаг уурын өөрчлөлт, худалдаа, аялал жуулчлалын эрчимтэй хөгжил зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хүн, малын халдварт өвчний дэгдэлт, тархалтын цар хүрээ тэлэхийн зэрэгцээ дэлхийд жилд дор хаяж нэг шинэ халдвар бүртгэгдэж байна. Түүнчлэн халдварын 75 орчим хувь нь мал, амьтнаас гаралтай ба зарим халдвар дахин сэргэх хандлагатай болсон тул эдгээр халдвараас эрт сэрэмжлэх, шуурхай хариу арга хэмжээ, улмаар хяналтад авах үндэсний чадавхыг бүрдүүлэхэд анхаарах нь улс орон бүрийн тулгамдсан асуудал болоод байгааг вирусний вакцин үйлдвэрлэлийн цехийн нээлтийн үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцлон хэллээ.


1923 онд “Үхрийн мялзанг эсэргүүцэх станц” нэртэй гадаадын иргэдийн хувийн жижиг үйлдвэрийг Засгийн газраас худалдан авснаар Монголын Хөдөө аж ахуй, мал эмнэлэг, биотехнологийн ууган үйлдвэр,  Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрын суурь нь тавигдсан юм. Энэхүү үйлдвэрт мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  40 гаруй нэр төрлийн био бэлдмэлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж байна.



 

Связанные новости