ГХЯ, МҮХАҮТ экспортыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-21 17:02:41
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ, МҮХАҮТ 2013 оноос Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор нягт хамтран ажиллаж буй. Тэгвэл ирэх 3 жилд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны Санамж бичигт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин нар өнөөдөр гарын үсэг зурлаа.


Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого зохицуулалтыг хариуцдаг төрийн захиргааны төв байгууллага болон бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж, тэдний эрх ашгийг хамгаалдаг дээрх хоёр байгууллага нягт хамтран ажиллах нь гадаад худалдаа, экспортыг нэмэгдүүлээд зогсохгүй Монгол Улсын гадаад зах зээлийг тэлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: “2018 онд Монгол Улсын гадаад худалдаа 12.9 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Гэтэл 2019 онд өмнөх 2018 оны амжилтаа дахин эвдэж 13.7 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ бол төр хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааны илрэл юм. 2019 онд гадаад худалдаа ашигтай гарч, экспорт 9 хувиар, импорт 6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ойрын жилүүдэд бид экспортын бараа бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх зорилт тавин ажиллаж байна. 2019 онд уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспорт 4 хувиар өслөө. Чамлахаар чанга атга гэдэг ч цаашид уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна” хэмээв.


2019 онд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 434.7 сая ам.долларт хүрсэн нь 2010 оныхтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын дийлэнхийг мал амьтны гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа ноос, ноолуур, нэхмэл, арьс, ширэн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. 


МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин: “Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих нь ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна орлогыг жигд хуваарилахад чухал ач холбогдолтой. Гадаад худалдаа гэх суурь ойлголтын цаана экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах тухай ярьж байгаа. Үүн дээр Монгол Улс нэгдмэл байр суурьтай байх ёстой. Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшил хамтраад Монгол Улсын брэндингийг нэг имиж, дүр төрхөөр хийх ёстой. Үүний төлөө ГХЯ, МҮХАҮТ хамтран ажиллаж байна. Саяхан гадаад улсад суугаа ДТГ-ын тэргүүнүүд хувийн хэвшлийнхэнтэй МҮХАҮТ-д уулзалт зохион байгуулах үеэр ч үүн дээр санал нэгдсэн. Тэд Монголынхоо бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах элч болох нь эдийн засгаа тэлэх чухал гарц болно” гэлээ.


Ирэх гурван жилд дээрх хоёр байгууллага Засгийн газраас баталсан “Монгол экспорт” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээс гадна дотоодын бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулах, гадаад худалдааг хөгжүүлэх нэг цонхны бодлого хамтран хэрэгжүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах юм.

Связанные новости