АНУ Иракаас цэргээ татна гэж төлөвлөөгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. АНУ Иракаас цэргээ татна гэж төлөвлөөгүй байна. Энэ тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Марк Эспер даваа гарагт мэдэгджээ.
“Иракаас гарах шийдвэр гаргаагүй” гэж тэрбээр мэдэгдсэнийг “Reuters” агентлаг уламжилсан байна. АНУ тэргүүтэй олон улсын эвсэл Иракаас цэргээ гаргах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн гэж “Reuters” зэрэг хэвлэл мэдээллийн хэд хэдэн хэрэгслээр өмнө нь мэдээлсэн юм. Эспер энэ мэдээлэлд тайлбар хийсэн байна. Хэвлэлүүд “Inherent Resolve” /Тохирсон шийдэл/ ажиллагааны төв штабаас Иракийн цэргүүдэд илгээсэн нэгэн захидлаас иш татан ийм мэдээлэл өгчээ. “Энэ юун захидал болохыг би мэдэхгүй. Хаанаас ирснийг бид олж тодруулна, гэхдээ Иракаас гарах ямар ч шийдвэр байхгүй” гэж тэрбээр цохон хэлсэн байна.
АНУ Ирак дахь цэргийн оролцооныхоо төлөвлөгөөг өөрчлөөгүй болохыг Пентагоны хэвлэлийн албаны дарга Алисса Фарах мөн мэдэгджээ. “Бид террорист “Лалын улс” бүлэглэлийг бут цохих ажиллагааг, түүнчлэн Иракийн аюулгүй байдлын хүчинд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг тус улсын Засгийн газартай үргэлжлүүлэн зөвлөлдөнө. Бид “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх эвсэлд тууштай байж, Иракийн ард түмний аюулгүй байдал, цэцэглэн хөгжих ирээдүйг баталгаажуулна” гэж Фарахын “Twitter” хуудсанд тавьсан мэдээлэлд дурджээ.
Связанные новости

