Бизнесийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУул уурхай болон үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлт, эдийн засгийн хямралын үе дэх бизнесийн стратеги, хөрөнгийн зах зээл, бизнесийн шинэлэг чиг хандлагыг тодорхойлж, Засгийн газарт санал зөвлөмж өгөх зорилго бүхий Монголын эдийн засгийн анхдугаар чуулганыг энэ сарын 21-нд зохион байгуулахаар болжээ.
Бизнес эрхлэгчид тогтвортой үйл ажиллагаа явуулж байж эдийн засаг хүндрэлээс гарах тул салбартаа тулгамдаж буй асуудлыг тооцоо, судалгаатай хэлэлцэх зорилгоор уг чуулга уулзалтыг зохион байгуулах болсон хэмээн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан мэдээлэв.
Чуулганыг зохион байгуулагч Монголын бизнесийн зөвлөл нь гишүүн компаниудын үйл ажиллагааг дэмжих, тэдний дуу хоолойг холбогдох албаны хүмүүст нь хүргэх, татвар хөрөнгө оруулалтын орчны талаар судалгаа шинжилгээ хийх зорилгоор байгуулагдаад эдүгээ 9 жил үйл ажиллагаа явуулж байгаа юм. Чуулганыг амжилттай зохион байгуулснаар байгууллагын үндсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер хэллээ.
Анхдугаар чуулганд Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн 230 компаниийн төлөөлөл оролцох юм. Мөн тус байгууллагад гишүүнчлэлгүй аж ахуйн нэгжүүд ч оролцож болох юм.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр