Д.Алтанцэцэг: “Монголын хаан ширхэгт”-ийг 33 оронд бүртгүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-25 15:49:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс олон улсын стандартад нийцсэн ноолуурын брэнд болох "Монголын Хаан Ширхэгт"-ийг өчигдөр танилцуулсан. Энэ талаар бид Монголын Ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгээс тодрууллаа.

-Монголын хаан ширхэгт” гэж брэнд бүтээгдэхүүн үү, эсвэл ноолуур бэлтгэлээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хийх хүртэл үйл ажиллагааны баталгаажуулалтыг хэлээд байна уу?

-Энэ бол чанар, стандартыг илэрхийлэх тохирлыг хэлж байгаа юм. Ийм тохирлыг бий болгосноор чанарыг нь баталгаажуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголын ноос ноолуур дэлхийн стандартын чанар шаардлагыг хангасан, үнэ цэнтэй гэдгийг бид “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдгээрээ баталгаажуулах юм.

-Ийм тохирлын тэмдэгтэй байхад дэлхийн аль ч оронд манай ноос ноолууран бүтээгдэхүүнийг борлуулах боломж бүрдэх үү?

-Бид тохирлын тэмдгээ одоогоор дэлхийн 33 оронд бүртгүүлээд зөвшөөрлийг нь аваад байна. Эдгээр зах зээлд гарахад бэлэн болсон гэсэн үг. Бид олон улсын баталгаажуулалтын албыг бий болгохдоо ISO 17065 шаардлагыг хангасан байх ёстой. Энэ нь манай байгууллагын итгэмжлэлийн стандарт юм. Манай байгууллага өөрөө итгэмжлэгдсэн байж баталгаажуулалт хийх эрхтэй болж байгаа юм. Одоо тэр итгэмжлэлээ албан ёсоор аваад баталгаажуулалтаа хийгээд явж байна. Гадаад зах зээл дээр томоохон маркетинг хийж тохирлын тэмдгээ танилцуулах зэрэг олон ажил биднийг хүлээж байна.  

-Тэгэхээр “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэг хэдийн хэрэгжээд явж байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Гурвани компанид энэ тохирлын тэмдгийг олгож байгаа. Гэхдээ үүнийг бас шууд олгодог юм биш. Энэ ажил хоёр жилийн өмнөөс эхэлсэн. Олгох байгууллага, ААН-ийнхэндээ сургалт зохион байгуулж, бүтээгдэхүүнийх нь чанарыг сайжруулаад, чанарын хяналтын систем бий болгосон. Энэ бүхний дараа энэ гурван компани авахад бэлэн болсон.

-Олон улсад танигдах брэндийг бий болгоно гэдэг том ажил. Энэ нь танай холбооны гадаад харилцаатай нэлээд холбогдох байх. Энэ талаар яаж ажиллаж байгаагаа товч танилцуулна уу?

-Тийм ээ. Манайх 1993 онд байгуулагдсан, мэргэжлийн холбоодын нэг. Ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй ААН, байгууллагыг нэгтгэдэг. “Говь, Буян Кашмир холдинг гээд томоохон компаниудаас гадна анхан шатны боловсруулах үйлдвэр, ЖДҮ-ийн төлөөлөлтэй. Гол нь ноос ноолуурын салбарын үйлдвэрүүдийн өмнө тулгарч буй зүйл, тухайлбал, хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаар төр засагт хандаж, асуудлыг тавьж шийдвэрлэхэд чиглэн ажилладаг.

Гадаад хамтын ажиллагааны нэг жишээ гэвэл, Италийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголд Технологи дамжуулах төв байгуулахаар болсон. Ингэснээр бүтээгдэхүүн хөгжүүлэлт, “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэг буюу бүтээгдэхүүний чанарын гэрчилгээжүүлэлт, баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Технологийн төв 2020 онд байгуулагдана.


Таны хэлснээр ноос ноолууран бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд таниулахад гадаад хамтын ажиллагаа чухал. Дэлхийн худалдааны байгууллагын дэргэдэх Олон улсын худалдааны төв, АХБ, Дэлхийн банк, Европын холбоо гээд олон донор байгууллагатай хамтран ажиллаж байна. Байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай тогтвортой ноолуурын үйлдвэрийг бий болгох талаар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ бүхнээ нэгтгээд НҮБ-ын үндэсний хороонд ажлаа зангидаж монгол ноолуураа гадаад зах зээлд таниулах ажил хийж байна.

-Ер нь аль хэр танигдаж байна?

-Эхлэлээ сайн тавьж байгаа гэж бодож байна. Бид саяхан АНУ-д ажиллаад ирсэн. Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг дэмжсэн хууль удахгүй гарах байх гэж найдаж байгаа. Америк нөхдүүд, “Та нар Монгол түүхий эдээ баталгаажуулаад өгөөч, ноос ноолуураа Монголын нутаг дэвсгэрээс бэлдсэн гэдгээ баталгаажуул гэсэн. Үүнийг бид хийж байна. Монголын хаан ширхэгт тохирлыг бий болгосноор чанарыг нь баталгаажуулж өгөх нь чухам энэ хүрээнд хийж буй ажил юм.

Б.Болд

   Гэрэл зургийг Б.Чадраабал  

Связанные новости