"Хагибис" хар салхинд Монгол Улсын иргэн өртөөгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-14 16:28:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын 10 гаруй мужаар энэ сарын 12-нд дайран өнгөрсөн “Хагибис” хар салхинд Монгол Улсын иргэн өртөөгүй гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.


“Хагибис” хар салхи Япон улсын төвийн бүс, Токио хот болон Канагава, Точиги, Гүнма, Иватэ, Мияги, Фүкүшима, Чиба, Сайтама, Нагано мужийг дайран өнгөрсөн. Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, энэхүү “Хагибис” нь сүүлийн 25 жил тохиолдоогүй хүчтэй хар салхи байв. Хар салхины улмаас Токио хотоос гадна төвийн 11 мужид аюулын хамгийн дээд буюу улаан түвшинг зарласан бөгөөд өнөөдрийн (2019.10.14) 16:16 цагийн байдлаар 43 хүн нас барж, 202 хүн гэмтэж, 16 иргэн сураггүй болжээ.

Япон улсад манай 9700 гаруй иргэн оршин суудаг бөгөөд одоогоор Монгол Улсын иргэн өртсөн гэх мэдээлэл ирээгүй байна.

Связанные новости