Умард солонгосчууд Кесоны бараануудыг Хятадад борлуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-12 14:54:38

СӨҮЛ. /TASS/. Кэсоны аж үйлдвэрийн цогцолборт үйлдвэрлэсэн бараа таваарыг умард солонгосчууд Хятадад борлуулахыг оролдож байна гэж “Radio Free Asia” радио станц мэдээлжээ.

“Кэсонд оёсон хувцаснууд Умард Солонгостой хиллэдэг Хятадын Дандунь, Шэньян зэрэг хотын дэлгүүрүүдийн лангуунууд дээр үзэгдэх болсон байна. Ийм бараануудыг Умард Солонгосын худалдаачид Хятад руу гаргаж байгаа аж. Ингэхдээ тэд “барааг хаана үйлдвэрлэснийг” нуудаггүй байна.

Үүнээс гадна, Өмнөд Солонгосын компаниудын хураагдсан бараануудыг Умардын дотоодын зах зээлд ч мөн адил борлуулдаг байна.

Кэсоны аж үйлдвэрийн цогцолбороос Өмнөд Солонгосын иргэдийг албадан гаргаж, уг цогцолборын бүсэд үйл ажиллагаа явуулдаг тус улсын компаниудын хөрөнгийг битүүмжилснээ Умард Солонгосын эрх баригчид хоёрдугаар сарын 11-нд мэдэгдсэн юм.

Харин Сөүлийн эрх баригчид Пхеньян нэгдүгээр сарын 6-нд цөмийн туршилт явуулж, хоёрдугаар сарын 7-нд зөөгч пуужин хөөргөсний хариуд аж үйлдвэрийн уг бүсэд Умард Солонгостой хамтран явуулдаг байсан үйлдвэрлэлийн ажиллагааг түр зогсоосон билээ.

Хоёр Солонгосын хамтран хэрэгжүүлдэг энэ төслөөс валютаар олж байгаа ашгийг Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд ашиглаж байж магадгүй гэж Өмнөд Солонгосын эрх баригчид үзэж байгаа аж.

Өнгөрсөн онд уг төслөөс олсон орлогын хэмжээ 500 сая доллароос давсан байна. Кэсоны аж үйлдвэрийн цогцолборт үйл ажиллагаа явуулдаг Өмнөд Солонгосын 124 үйлдвэрт Умардын 54 мянга гаруй иргэн ажиллаж байжээ.

Д.Жаргал

 

 

 

 

Связанные новости