Владимир Зеленский өдөөн хатгалгад автахгүй байхыг ард түмэндээ уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ. /Ulrinform/. Украины эрх баригчид “Штайнмайерын томьёо”-г сайшаан дэмжсэнтэй холбоотойгоор өдөөн хатгалгад автахгүй байхыг тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский телевизээр ард түмэнд хандан үг хэлэхдээ уриалжээ.
“Украиныг би хэзээ ч алдахгүй бөгөөд нөхцөл байдалд тэнцвэртэй хандаж, зарим хүний өдөөн хатгалга, хууран мэхлэлтэд автахгүй байхыг та бүхнээс хүсэж байна” гэж В.Зеленский “Штайнмайерын томьёо” гэх баримт бичгийг баталсныг эсэргүүцсэн жагсаал болсонтой холбогдуулан мэдэгдсэн байна.
Энэ баримт бичигт “үндэсний эрх ашгийг тавьж өгсөн, бууж өгсөн зүйл огт байхгүй” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. “Украины ард түмний зөвшөөрөлгүйгээр ямар ч тохиролцоо, дэлхийн хэмжээний алхмуудыг хийхгүй” гэдгийг В.Зеленский батлан хэлэв.
Түүний хэлснээр, эн тэргүүнд тавьж буй зорилтууд бол “хүмүүсийг, нутаг дэвсгэрүүдийг, түүнчлэн олзлогсдыг буцаах болон энх тайван тогтоох юм”. “Энэ асуудлуудыг шийдэхэд бид урт, удаан замыг туулна” гэж тэрбээр хэлээд үүний тулд улс оронд “эв нэгдэл хэрэгтэй” гэдгийг онцлон дурджээ.
Донбассын сонгууль “бууны аман дор бус харин Украины хуулийн дагуу”, тус улсын хил хамгаалагчдын хяналтан дор болох ёстой гэдгийг В.Зеленский дурдсан байна. Үүнтэй холбоотойгоор тэрбээр Нормандын хэлбэрээр удахгүй хийх уулзалтад найдлага тавьж байгаа аж. Эдгээр асуудлыг өндөр түвшинд хэлэлцэх боломжтой “цорын ганц талбар” нь энэхүү хэлбэр гэж тэрбээр үзэж байна.
“Штайнмайерын томьёо” нь Киевийг Крым, Донбассаас татгалзахад хүргэхгүй гэдгийг Украины Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.
“Штайнмайерын томьёо”
Украины зүүн нутгийн зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулах Минскийн гурван талт холбоо тогтоох бүлэг аравдугаар сарын 1-нд Донбассын мөргөлдөөнийг шийдвэрлэх "Штайнмайерын томьёо"-г эцэслэн зөвшилцсөн байна. Энэхүү томьёо нь юуны өмнө Донбассын сонгууль болон Украины хяналтаас гарсан Донецк, Луганск мужийн статустай холбоотой. Донецк, Луганск мужийн өөрөө удирдах ёсны талаарх онцгой журмын тухай хуулийг сонгуулийн өдөр түр хугацаагаар, мөн Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагаас /ЕАБХАБ/ сонгуулийн дүнг нийтэлсний дараа байнгын үндсэн дээр хэрэгжүүлэх механизмыг уг баримт бичигт тодорхойлсон байна. Баримт бичгийг ХБНГУ-ын одоогийн Ерөнхийлөгч, ЕАБХАБ-ын тэргүүн асан Франк-Вальтер Штайнмайерын нэрээр нэрлэжээ.
Дээд Рада дахь В.Зеленскийг эсэргүүцэгчид "Штайнмайерын томьёо"-г батлах шийдвэрээ тодруулахыг Ерөнхийлөгч, Засгийн газраасаа шаардсан байна. "Штайнмайерын томьёо"-г эсэргүүцэгчид Украины Ерөнхийлөгчийн ордны дэргэд хоёр өдөр жагсжээ. Дараагийн эсэргүүцлийн ажиллагааг 10 дугаар сарын 6-нд явуулахаар товлосон байна.