Сумны шарх авсан жагсагчийн биеийн байдал тогтворжжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Мягмар гарагт Хонконгт болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр сумны шарх авсан 18 настай оюутны биеийн байдал тогтворжсон гэж БНХАУ-ын засаг захиргааны тус онцгой бүсийн Засгийн газар мэдээлсэн байна.
Цанг гэх оюутан хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна. “South China Morning Post” сонинд мэдээлснээр, түүнд сум авах мэс засал хийсэн бөгөөд сум түүний уушгийг шүргэсэн байжээ.
Хонконгийн Цуен Ван дүүрэгт эмх журам сахиулагчид болон Засгийн газрыг эсэргүүцэгч хэт давруу үзэлт жагсагчдын хооронд мөргөлдөөн болох үеэр дээрх хэрэг гарсан байна. Хамгаалалтын малгай, нүдний шил болон хийн баг зүүсээн Цанг цагдаагийн ажилтан руу бүлэглэн дайрч, төмөр саваагаар цохиж байгаа нь дүрс бичлэгт үлджээ. Цагдаагийн офицер биеэ хамгаалах зорилгоор жагсагчид руу байлдааны сумаар гал нээж, Цанг цээжиндээ шархадсан байна.
Уг офицер “зөвхөн өөрийгөө хамгаалах зорилготой байсан бөгөөд түүний үйлдэл нь хуулийн үндэслэлтэй байсан” гэж цагдаагийн комиссар Стивен Ло мэдэгджээ. Хонконгт 4 сар орчим үргэлжилж байгаа олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагч сумны шарх авсан анхны тохиолдол энэ болж байна. Өмнө нь цагдаа нар анхааруулах зорилгоор байлдааны сумаар агаарт хий буудсан тохиолдол гарч байсан юм.