Абу-Даби хотноо Монгол Улсын ЭСЯ нээх тухай шийдвэрийн төслийг УИХ-д өргөн барьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Ахмед Аль Саяетэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хүрээлэн буй орчин зэрэг салбарт өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Сайд Д.Цогтбаатар АНЭУ-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн төслүүд нь ард түмний аж амьдралыг сайжруулахын сацуу хүрээлэн буй орчныг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Абу-Даби хотноо Монгол Улсын ЭСЯ нээх тухай шийдвэрийн төслийг УИХ-д өргөн барьснаа мэдээлэв. Түүнчлэн олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан дэмжсээр ирсэн уламжлалыг үргэлжлүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, Дубай хотноо болох олон улсын ЭКСПО-2020 үзэсгэлэнд Монгол Улсыг оролцуулах талаар ярилцлаа.
Талууд хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах боломжийг судлахаар тохиров.