Украины асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч К.Волкер огцорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/. Украины асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Курт
Волкер албан тушаалаасаа огцорчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины
Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын харилцан яриатай холбоотойгоор Америкийн
тусгай албаны нэрийг нь дурдаагүй нэгэн ажилтан гомдол мэдүүлсний дараа энэ үйл
явдал болжээ.
“Нэр нь тодорхойгүй ажилтны
мэдүүлсэн гомдолд Украины асуудал эрхэлсэн АНУ-ын дипломат Курт Волкерын нэр
дурдагдсаны дараа, К.Волкер албан тушаалаасаа огцрох болсон тухай мэдэгдсэн байна” хэмээн “CNN” мэдээлсэн байна.
Д.Трамп, В.Зеленский нарын харилцан яриатай холбоотой сэдвээр явуулах
сонсголд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь ардчилсан намын гишүүд
Волкерыг өнгөрсөн баасан гарагт дуудсан байна.
Америкийн тусгай албаны ажилтны мэдүүлсэн гомдолд дурдсанаар, өнгөрсөн 7
дугаар сард Д.Трамп, В.Зеленский нар утсаар ярьсны дараа К.Волкер Европын
холбооны дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгч Гордон Сондлэндийн хамтаар АНУ-ын
Дэд Ерөнхийлөгч асан Жозеф Байдены хүүг мөрдөн шалгах зааврыг дамжуулахаар Киев
хотод В.Зеленский болон бусад албан тушаалтнуудтай уулзсан аж.