Саудын Араб, Ираны хооронд дайн дэгдэх үү?
ТОЙМ
Бямба гарагийн өглөө Саудын Арабын төрийн өмчит "Сауди Арамко" компанийн “Абкайк” болон “Хураис” байгууламжууд руу үл мэдэгдэх 10 нисгэгчгүй онгоц /дрон/ дайрсны улмаас асар хүчтэй дэлбэрэлт болсон билээ. Уг халдлагыг үйлдсэн гэдгээ Йемений хусит босогчид мэдэгдсэн боловч энэ бол үнэн хэрэгтээ Ираны зохион байгуулсан ажиллагаа мөн гэж Саудын Араб, АНУ хоёр үзэж байна. Үүний улмаас тэртэй тэргүй хоорондоо сөргөлдсөөр ирсэн Саудын Араб, Ираны харилцаа эрс хурцадлаа. Энэ талаар ВВС агентлагийн тоймч Жонатан Маркусын бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.
Хүчирхэг хоёр хөрш болох Саудын
Араб ба Иран улс бүс нутагт давамгайллаа тогтоохын тулд хоорондоо тэмцэлдсээр
ирсэн билээ. Шашны урсгалуудын хоорондын зөрчил нь хэдэн арван жилийн турш үргэлжилж буй
хоёр талын сөргөлдөөнийг хурцатгасаар байгаа юм. Хоёр улсын иргэд исламын шашны
хоёр өөр урсгалд хамаарагддаг бөгөөд иранчуудын ихэнх нь шиит урсгалыг
баримталдаг бол Саудын Араб улс суннит урсгалыг дагагчдын хувьд гол төв нь
болж байдаг.
Ойрхи Дорнодын газрын зургийг
харах аваас шашны зөрчилдөөний мөн чанар ойлгомжтой болно. Суннитуудын хувьд
Саудын Арабыг, шиитүүд Ираныг өөрсдийн чиг баримжаагаа болгодог. Саудын
Арабын нутагт исламын шашин үүссэн учраас саудчууд өөрсдийгөө Исламын ертөнцийн
манлайлагч гэж үзсээр ирсэн байна. Харин 1979 онд Иранд дэгдсэн Исламын
хувьсгалын үр дүнд теократ буюу шашны засаглалтай улс бий болж, Ираны эрх
баригчид засаглалын уг хэлбэрийг бусад улс оронд дэлгэрүүлэх зорилгыг тавьжээ. Үүний
улмаас сүүлийн 15 жилийн хугацаанд Саудын Араб, Ираны харилцаа нэлээд
хурцадсан юм.
2003 онд АНУ тэргүүтэй эвслийн цэргийн
хүч Ираны гол дайснуудын нэг болох Иракийн удирдагч
Саддам Хусейнийг /суннит урсгалыг баримталдаг/ түлхэн унагаасан билээ. Ингэснээр Ираныг сөрөн зогсох хүч Иракт
үгүй болсон бөгөөд тэр үеэс хойш Ираны нөлөө тасралтгүй өссөөр байна.
Улмаар 2011 онд “Арабын хавар”
хэмээх эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдсэн нь бүс нутгийн улс төрийн нөхцөл байдлыг
улам тогтворгүй болгов. Үүнийг далимдуулан Саудын Араб, Иран хоёр Сири,
Бахрейн, Йемен зэрэг улсад нөлөөгөө тэлэх гэж оролдсон нь хоёр орны дунд нэгэнт
бий болсон үл итгэлцлийг улам гүнзгийрүүллээ.
Ираныг эсэргүүцэгчид хэлэхдээ “Тегераны
эрх баригчид Иранаас Газар Дундын тэнгис хүртэлх газар нутгийг хяналтандаа авах
зорилгоор бүс нутагт давамгайлагч болохыг эрмэлзэж байна” гэж үздэг.
Байдал яагаад гэнэт хурцадсан бэ?
Бүс нутгийн хэмжээний сөргөлдөөнд
Иран улс олон талаар давамгайлах болсон учраас стратегийн шинжтэй тэмцэл улам эрчимжсээр
байгаа юм.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад
Иран болон Оросын дэмжлэгтэйгээр Саудын Арабаас дэмжлэг авч буй сөрөг хүчний ихэнхийг дарж чадсан билээ.
Харин саудчууд Ираны нөлөөг тогтоон барихаар цөхрөлтгүй оролдсоор. Саудын Арабын угсаа залгамжилсан ханхүү болох залуу бөгөөд цочмог түргэн авиртай Мохаммед бин
Салман бүс нутагт үүссэн түгшүүртэй байдлыг улам хурцатгасаар байна. Тэрбээр Ираны нөлөөг үгүй хийхийн тулд хөрш
Йемений босогчидтой дайтсаар. Гэтэл гурван жилийн дараа эргээд харахад түүний
энэ эрсдэлтэй алхам нь асар их хөрөнгө мөнгө шаардсан хэвээр.
Үүний сацуу саудчууд Ливаны байдлыг
тогтворгүй болгохын тулд тус улсын Ерөнхий сайдыг огцруулахаар шахсаар байна. Иранаас дэмжлэг авдаг Ливан дахь шиитүүдийн “Хэзболла” бүлэглэл нь улс
төрд тэргүүлэх үүрэг рольтой оролцдог төдийгүй зэвсэгт хүчнийг хянадаг ажээ.
“Тоглоомонд оролцож буй” гадаад улсууд ч бий. Дональд Трампын засгийн газрын зүгээс үзүүлж буй дэмжлэг нь Саудын Арабт итгэл найдвар төрүүлж байгаа бол Ираныг үхлийн аюул гэж үздэг израильчууд Ираныг тогтоон барих гэсэн саудчуудын хүчин чармайлтыг ямар нэгэн байдлаар дэмждэг нь ойлгомжтой.
Израилийн хувьд, Сири дэх Ираны
хяналтанд байдаг зэвсэгт бүлэглэлүүд улсынх нь хил хязгаарт ойртоод ирэх вий
гэж болгоомжилдог.
Израиль, Саудын Араб хоёр бол
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх 2015 оны олон улсын хэлэлцээрийг
хамгийн хүчтэй эсэргүүцэж байсан улсууд юм. Иран улс дуртай үедээ цөмийн
зэвсэгтэй болж чадах учраас дээрх хэлэлцээрээр баталсан арга хэмжээнүүд нь Ираныг
цөмийг зэвсэггүй байлгахад хангалтгүй гэж тус хоёр улсын эрх баригчид үзэж
байгаа юм.
Хэн нь хэний холбоотон бэ?
Ойрхи Дорнодын улс төрийн газрын
зургийг харваас, суннит, шиитүүдийн ялгарал илүү тодорхой харагдана.
Саудын Арабын гол холбоотнууд
бол АНЭУ, Кувейт, Бахрейн, Египет, Иордан улс юм. Харин Ираны холбоотон нь
Сирийн засгийн газар. Иранаас дэмжлэг авдаг шиитүүдийн бүлэглэлүүд, тэдгээрийн
дотор “Хэзболла” бүлэглэл нь голдуу суннитуудаас бүрдсэн Сирийн сөрөг хүчний
эсрэг хийсэн зэвсэгт ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэсэн билээ. Голдуу шиитүүдээс
бүрддэг Иракийн засгийн газар ч мөн адил Ираны ойрын холбоотон болоод
байна.
Үүний сацуу Иракийн засгийн газар Вашингтонтой нягт харилцаатай байдаг бөгөөд “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд
нь америкчууд Иракт тусламж үзүүлж байгаа юм.
Хүйтэн дайны багасгасан хувилбар
Саудчууд ба иранчуудын сөргөлдөөн
нь АНУ-ЗХУ-ын хооронд олон жилийн турш үргэлжилсэн “Хүйтэн дайн”-ы бүс нутаг
дахь хувилбар юм.
Иран, Саудын Араб хоёр бие
биенийхээ эсрэг шууд дайтаагүй байгаа боловч хоёр талаас тусламж дэмжлэг авч буй
хүчнүүд бүс нутагт дэгдсэн зэвсэгт мөргөлдөөнүүдэд оролцсоор байна. Үүний нэг тодорхой
жишээ бол Сири. Түүнээс гадна, хуситуудад баллистик пуужингууд нийлүүлж байна гэж
Саудын Араб иранчуудыг буруутгадаг. Пуужингуудыг Саудын Арабын нутаг руу
харваснаас хойш хоёр улс “үг хэлээр дайтах” нь эрс хурцаджээ. Түүнчлэн Саудын
газрын тосыг тээвэрлэж буй хөлөг онгоцууд дамжин өнгөрдөг Персийн булан дахь стратегийн амин чухал газруудад Ираны тал байнга сүр хүчийг үзүүлж байна гэж саудчууд
буруушаадаг.
Дайн дэгдэх үү?
Өдийг хүртэлх хугацаанд Эр-Рияд,
Тегеран хоёр бусдын гараар
хоорондоо дайтсаар ирлээ. Хоёр талын аль нь ч бие биентэйгээ шууд дайтахад
бэлэн бус байгаа. Гэхдээ Саудын Арабын нийслэл болон нефтийн томоохон
байгууламжууд руу хуситууд халдан довтолсон явдал нь тогтсон тэнцвэрийг
алдагдуулж магадгүй юм.
Саудын Арабын дэд бүтэц рүү
хуситууд довтолсны дараа Тегеран, Эр-Риядын сөргөлдөөнд “шинэ хэмжээст орон зай”
гарч ирлээ. Цаашдаа байдал хурцдах нь хамаагүй илүү өргөн хүрээтэй, бүх нийтийг
хамарсан сөргөлдөөнд хүргэж мэдэхээр боллоо.
АНУ болон барууны орнуудын хувьд Персийн буланд хөлөг онгоцууд чөлөөтэй зорчих нь амин чухал учраас олон улсын худалдааг зогсох аюулд хүргэж болзошгүй аливаа мөргөлдөөнд Америкийн цэрэг татагдан орох магадлал өндөр.
АНУ ба түүний холбоотнууд аль эртнээс Иран улсыг
“Ойрхи Дорнод дахь байдлыг тогтворгүйжүүлэгч хүч” гэж үзсээр ирсэн бол Саудын
Арабын эрх баригчдын хувьд Иран бол оршин тогтнохуйд нь учирч буй аюул занал юм.
Угсаа залгамжлагч ханхүү бин Салман Тегераны нөлөө тэлж буйг таслан зогсоохын тулд
шаардлагатай бүхнийг хийхэд бэлэн байгаа бололтой.
Нефтийн байгууламжууд руу хийсэн
халдлага нь Саудын Арабын өртөмтгий эмзэг байдлыг харууллаа. Хэрвээ дайн
дэгдвээс уг дайн нь хэн нэгний төлөвлөснөөр бус харин аяндаа бүрэлдэн бий болсон нөхцөл
байдлаас үүдэн гарах магадлал илүү өндөр байна. Үүний сацуу Д.Трампын засгийн газарт бүс
нутгийн талаар тодорхой төлөвлөгөө алга байгааг саудчууд далимдуулан ашиглаж,
идэвх гаргаж байгаа нь нөхцөл байдлыг хурцатгаж байна.
Орчуулсан Б.Адъяахүү
Эх сурвалж: https://www.bbc.com/russian/features-49716664