Д.Цогтбаатар: Хоёр хөрш манай улстай бүх түвшинд идэвхтэй хамтран ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын ажлыг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны яамны “Нээлттэй өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Өдөрлөгийг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Дипломат корпусын ахлагч, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар үг хэллээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, "Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтооход хоёрхон улс үлдээд байна. Мөн олон улсын 70 гаруй байгууллагад гишүүнээр элсэж, хоёр талын шугамаар 1222 гэрээ хэлэлцээр байгуулж, 287 олон талт олон улсын гэрээнд нэгдэн ороод байна. ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаагаа хөгжүүлэх, хамтын ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажиллалаа. Хоёр хөрш манай улстай бүх түвшинд идэвхтэй хамтран ажиллаж байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин саяхан манай улсад айлчлах үеэрээ хоёр улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлд хүрсэн гэдгийг зарласан. Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба зам” санаачилгатай уялдуулан эрчим хүч, уул уурхай, зам тээвэр, дэд бүтэц, аялал жуулчлал зэрэг салбарт урт хугацаанд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Энэ нь БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэх ач холбогдолтой юм. Бид хоёр хөрш улстайгаа гурван талт уулзалтыг тогтмол зохион байгуулж, Монгол-ОХУ-БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улс, АНУ өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ онд АНУ-д хийсэн айлчлалаар хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа тогтсон” хэмээн онцоллоо.
Өдөрлөгийн үеэр Гадаад харилцааны яамны ажил, онцлогийн талаар иргэдэд сурталчилахаас гадна тус яамны Консулын газар иргэдэд баримт бичиг баталгаажуулах үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгөв. Мөн Гадаад харилцааны яамны Төв архивт хадгалагдаж буй Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн 8 захидлын эх хуулбарыг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлэв.
Нээлттэй өдөрлөгт ГХЯ-наас гадна Монгол Улсад суугаа ОХУ, БНХАУ, АНУ, БНСВУ, ХБНГУ, БНКазУ, Куба, БНСУ, Турк, Франц, Энэтхэг, БНАСАУ, Япон, Аргентин, Перу, Бразил болон НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв зэрэг байгууллага идэвхтэй оролцож, үйл ажиллагаагаа сурталчиллаа.
Өдөрлөгт оролцсон иргэд өөрийн сонирхсон болон шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг яамны ажилтнуудаас биечлэн авч, гадаад бодлого, үйл ажиллагаатай холбоотой санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, ярилцав. Иргэдээс гаргасан санал хүсэлт, зөвлөгөөг нэгтгэн анхаарвал зохих асуудлыг цаашдаа үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ажиллахаа Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн илэрхийлэв.