АНУ Сансрын хүчний командлал байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-30 17:12:47

ВАШИНГТОН. /TASS/. Сансрын хүчний командлалыг АНУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд албан ёсоор оруулсныг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт хүрээлэнд болсон ёслолын арга хэмжээний үеэр мэдэгдлээ.


“Бид өнөөдөр энд АНУ-ын Сансрын хүчний командлалыг байгуулахаар цуглалаа, энэ бол чухал үйл явдал юм. Шинэ анги нэгтгэл нь сансарт Америкийн ашиг сонирхлыг ирээдүйн сөргөлдөөний талбарт хамгаална. Энэ нь хүн бүрт ойлгомжтой гэж бодож байна” хэмээн тэрбээр хэлсэн байна. Америкийн удирдагч шинэ бүтэц байгуулагдсаныг Зэвсэг хүчний “түүхэн үйл явдлын шинэ бүлэг” гэж нэрлэжээ.


Сансрын хүчний командлалын тэргүүнээр генерал Жон Реймондыг томилжээ. Трампын хэлснээр, тэрбээр хамт олныхоо дунд маш нэр хүндтэй байна. Ёслолын арга хэмжээний үеэр мөн дэлхий дээгүүр халин нисэж буй цагаан бүргэдийн дүрс бүхий шинэ командлалын тугийг танилцуулжээ. 


Ёслолын арга хэмжээнд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс, Пентагоны тэргүүн Марк Эспер, Үндэсний тагнуулын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Жозеф Магуайр, Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны дарга Жозеф Данфорд болон тус улсын гүйцэтгэх болон хууль тогтоох байгууллагын бусад төлөөлөгч оролцсон байна.


Сансрын хүчин байгуулах үүргийг Америкийн удирдагч 2018 оны зургадугаар сард өгсөн билээ. Шинэ командлалын мэдэлд пуужингийн аюулын сэрэмжлүүлэг, хиймэл дагуулын ажиллагаа, сансрын нислэгийн удирдлага болон сансрын үйл ажиллагааг дэмжих үүрэг гүйцэтгэдэг 87 нэгж, анги нэгтгэл шууд захирагдана. 2019 оны санхүүгийн жилд Зэвсэгт хүчний шинэ бүтцийг дэмжихэд 12 тэрбум ам.доллар хуваарилжээ.



Связанные новости