К.Гиллибранд Ардчилсан намын сунгаанаас нэрээ татжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-08-29 11:25:23

ВАШИНГТОН. /The Guardian/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаанд өрсөлдөж байсан Нью-Йорк муж улсын сенатч Кирстен Гиллибранд кампанит ажлаа дуусгах шийдвэрийг гаргажээ.


К.Гиллибранд энэ талаар лхагва гарагт дүрс бичлэгээр дамжуулан мэдэгдсэн бөгөөд тэрбээр ирэх сард болох Ардчилсан намын нэр дэвшигчдийн гурав дахь мэтгэлцээний шаардлагыг хангаж чадаагүй ажээ.


“Бид хүссэн үр дүндээ хүрч чадаагүй боловч хамтран ажилласан багийнхан болон дэмжигчдэдээ гүнээ талархал илэрхийлье” гэж К.Гиллибранд хэлжээ. АНУ-ын Сенатын танхимын гишүүнээр 2009 онд сонгогдож, түүнээс хойш хоёр удаа улиран сонгогдсон тэрбээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө шаргуу тэмцэж байсан юм.


Өдгөө 52 настай К.Гиллибранд “#MeToo” хөдөлгөөнийг дэмжиж, коллеж болон цэргийн байгууллага дахь бэлгийн хүчирхийллийг хүчтэй шүүмжилж байсан аж. Нью-Йорк муж улсын сенатчийг Ардчилсан намын сунгаанаас нэрээ татсан талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жиргэхдээ, түүнийг хүчтэй өрсөлдөгч байсныг онцолжээ.  

Связанные новости