“Costco” Хятадын эх газарт анхны дэлгүүрээ нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-08-28 12:20:29

ШАНХАЙ. /Xinhua/. АНУ-д төвтэй жижиглэн худалдааны “Costco” корпорац Хятадын эх газарт анхны дэлгүүрээ мягмар гарагт нээсэн байна.


14 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий уг дэлгүүр Шанхай хотын баруун өмнөд хэсэгт байрлах бөгөөд гэр ахуйн цахилгаан бараа, шинэ хүнсний бүтээгдэхүүн, өдөр тутмын хэрэглээний болон аяллын бараа бүтээгдэхүүн зэрэг 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалах ажээ.


“Үйлчлүүлэгчид жилд 299 юань буюу 42 орчим ам.долларын гишүүнчлэлийн хураамж төлснөөр олон хөнгөлөлтийг эдлэх боломжтой бөгөөд манай  дэлгүүрт худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүний үнийг зах зээлийн үнэтэй харьцуулахад 30-60 хувиар хямд байдаг” гэж “Costco” корпорацаас мэдээлсэн байна.


Уг дэлгүүр үүд хаалгаа нээсэн эхний өдөр маш олон үйлчлүүлэгч ирсэнтэй холбоотойгоор хүмүүс тооцоогоо хийхийн тулд 2-3 цагийн турш дараалалд зогсож, 1200 зогсоолтой талбайд автомашинаа байрлуулахын тулд 3 цаг хүлээхэд хүрчээ.


Өнгөрсөн долдугаар сараас хойш Хятадын олон арван мянган хэрэглэгч гишүүнчлэлтэй болохоор бүртгүүлсэн нь “Costco”-гийн мэргэжилтнүүдийн урьдчилан таамаглалыг давсан үзүүлэлт болжээ.


Costco” хил дамнасан цахим худалдааны бизнесээ Хятадын эх газрын зах зээлд таван жилийн өмнө нэвтрүүлж байжээ. Ташрамд дурдахад, жижиглэн худалдааны салбарын томоохон төлөөлөгчдийн нэг болох “Walmart” хоёр дахь дэлгүүрээ энэ оны эхээр Шанхай хотод нээсэн байна. 

Связанные новости