Монголын ноолуурын компаниуд олон улсын үзэсгэлэнд оролцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Ноос ноолуурын холбооны гишүүн байгууллагууд энэ сарын 19-21-нд Канадын Торонто хотноо болсон олон улсын оёмол, сүлжмэл хувцасны "Apperal Textile Sourcing Canada-2019" үзэсгэлэн худалдаанд оролцлоо.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд 5000 гаруй их дэлгүүр, сүлжээ дэлгүүр, дэлхийн шилдэг брэндийн борлуулагч, захиалагчид оролцож, 15 орны 300 гаруй үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнээ танилцуулжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Энэ үеэр манай үйлдвэрлэгчид загварын шоунд бүтээгдэхүүнээ танилцуулж, Баялаг Өлзий ХХК, Кашмир холдинг ХХК-ийн төлөөлөгчид сарлагийн хөөвөр, тогтвортой ноос ноолуурын нэгдлийн талаар дэлгэрэнгүй танилцуулжээ.
"Apperal Textile Sourcing Canada-2020" үзэсгэлэнгийн гүйцэтгэх захирал Жэсон Прэскот дараа дараагийн үзэсгэлэн худалдаанд Монголын үйлдвэрлэгчид илүү олноор оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон байна.