Венесуэлийн парламентыг тараахаар төлөвлөж байна гэх мэдээллийг няцаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАРАКАС. /TASS/. Венесуэлийн эрх баригчид сөрөг хүчний хяналтад байгаа Үндэсний ассамблейг /нэг танхимтай парламент/ тараахаар төлөвлөөгүй гэж тус улсын Үндсэн хуулийн ассамблейн тэргүүн Дьосдадо Кабельо мэдэгдсэнийг EFE агентлаг уламжилжээ.
“Үндэсний ассамблей үндсэндээ татан буугдсан бөгөөд үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа. Тиймээс парламентыг тараах шаардлага байна уу?” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Венесуэлийн эрх баригчид парламентыг тараахаар төлөвлөж байна гэж тус улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо урьд нь мэдэгдсэн билээ.
Кабельо мөн парламентын сонгуулийг “удахгүй явуулж” магадгүйг үгүйсгээгүй байна. “Сонгуулийн болон Үндсэн хуулийн дагуу, мөн манай орны улс төрийн нөхцөл байдлыг харгалзан сонгууль явуулах хамгийн тохиромжтой үеийг тодорхойлох комисс байгуулахыг би санал болгож байна. Хэрэв комисс сонгуулийг нэгдүгээр сарын 1-нд явуулах тохиромжтой гэдэг дүгнэлтэд хүрвэл нэгдүгээр сарын 1-нд явуулна. Хэрэв энэ жил явуулахыг зөвлөвөл энэ жил зохион байгуулна” гэж тэрбээр мэдэгджээ.
Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблейн тэргүүн мөн АНУ-ын засаг захиргаанаас Каракасын эсрэг “хориг арга хэмжээ авахыг уриалсныг” шүүмжилсэн байна.