Их Британийн эдийн засаг 2012 оноос хойш анх удаа буурлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-08-12 12:47:10

ЛОНДОН. /BBC/. Энэ оны хоёрдугаар улиралд Их Британийн эдийн засаг 0.2 хувиар буурсан хэдий ч эдийн засаг уналтад орно гэж үзэхгүй байгаагаа тус улсын Сангийн сайд Сажид Жавид илэрхийлжээ.


Их Британийн эдийн засаг 2012 оноос хойш анх удаа буурсан талаар тус улсын Үндэсний статистикийн газраас /ONS/ мэдээлсний дараа С.Жавид дээрх мэдэгдлийг хийжээ. Мэргэжилтнүүд эдийн засаг агшсан шалтгааныг “Brexit”-тэй холбоотой асуудлууд болон автомашин үйлдвэрлэлийн зах зээлтэй холбон тайлбарлаж байна.


Үндэсний статистикийн газрын мэдээний дараа фунт стерлингийн үнэ унасан нь Их Британийн эдийн засаг уналтад орж магадгүй гэх болгоомжлолыг улам нэмэгдүүлжээ. Фунт стерлингийн ам.доллартай харьцах ханш $1.2025, евротой харьцах ханш €1.0736 болж буурсан бөгөөд ийм үзэгдэл 10 жилийн өмнөх дэлхийн санхүүгийн хямралаас хойш тохиолдоогүй байна.


Үндэсний статистикийн газрын төлөөлөгч Роб Кент-Смитийн мэдээлснээр, үйлдвэрлэлийн гарц буурч, барилгын салбарын үзүүлэлт суларсан аж. Эдийн засгийн үзүүлэлт хоёр улирал дараалан агшсан тохиолдолд эдийн засгийн уналтад орсон гэж үздэг бөгөөд Их Британийн эдийн засаг 2012 оны дөрөвдүгээр улирлаас хойш анх удаа агшсан нь энэ ажээ. 

Связанные новости