Йемений Аден хотод мөргөлдөөн үргэлжилсээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
САНА. /TASS/. Йемен улсын эдийн засгийн нийслэл хэмээгддэг Аден хотод хүчтэй дэлбэрэх чимээ сонсогдсоор байна. Тус хотод мөргөлдөөн гурав дахь өдрөө үргэлжилж байгаа юм.
Телевизийн “Al Hadath” сувгийн мэдээлснээр, Өмнөд шилжилтийн зөвлөлийн /ӨШЗ/ салан тусгаарлах үзэлтнүүдийн отрядууд эргийн Мухафез дүүрэгт Йемений шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Ахмед аль-Майсаригийн гэрийг бүслэхийг оролдож байгаа аж. ӨШЗ түүнийг төрийн эргэлт хийхийг оролдсон гэж буруутгажээ.
ӨШЗ-ийн отрядууд өмнө нь Йемений ерөнхийлөгчийн "Эль-Маашик" ордныг эзлэн авахыг оролдсон бөгөөд энэ үеэр танк, хүнд зэвсэг хэрэглэсэн ширүүн мөргөлдөөн болжээ. Түүнчлэн тус улсын Төв банк, Шүүх хурлын танхимууд болон Бадр хуарангийн орчимд буудалцаан болсон тухай мэдээлсэн байна.
Телевизийн “Al Jazeera” сувгийн мэдээлснээр, Саудын Арабын Агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд Аден хотын дээгүүр ниссэн боловч салан тусгаарлах үзэлтнүүдэд цохилт өгөлгүй хот доторх тэдний хөдөлгөөнийг ажиглажээ.
ӨШЗ Аден хотыг 2018 оны нэгдүгээр сард хяналтдаа авч, тус зөвлөлийн тэргүүн Айдарес аз-Зубейди Йемений Ерөнхийлөгч Абд Раббо Мансура Хадиг огцруулсныг мэдэгдсэн байна. ӨШЗ-ийнхөн Йемений Ерөнхийлөгчийг төрийн эрхнээс зайлуулахыг лхагва гарагт дахин шаардаад, түүнийг “Лалын ахан дүүс” бүлэглэлийн Йемен дэх салбар болох "Аль-Ислах" намын талыг баримтлагч гэж мэдэгджээ. Йемений Ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хади нь 2015 онд босогчид нийслэл хотыг эзэлсний дараа өмнөд нутаг руу зугтан Аден хотод нуугдсан боловч босогчид төд удалгүй хотоос холгүй байрладаг цэргийн баазыг эзэлсний дараа Аден хотоос Саудын Араб руу зугтан гарсан бөгөөд одоог хүртэл тус улсад байгаа юм.
Улс оронд нь болж буй үйл явдалд хөндлөнгөөс оролцож, мөргөлдөөнийг зогсоохыг Йемений Засгийн газар Саудын Арабын эрх баригчдаас пүрэв гарагт хүссэн байна.
1990 онд Йемений хойд болон өмнөд нутаг нэгдэхээс өмнө тус улсын өмнөд хэсэгт Бүгд Найрамдах Ардчилсан Йемен Улс гэж байсан бөгөөд Йемений социалист нам төрийн эрхэнд нь байжээ. Энэ улсын нийслэл нь Аден хотод байрлаж байв. Нийслэл Сана хотыг хяналтдаа авсан шиит шашинтнуудын “Ансар Аллах” хөдөлгөөний босогч-хуситууд болон Ерөнхийлөгч Абд Раббо Мансура Хадигийн цэргүүдийн хооронд болж буй мөргөлдөөн Йеменд 2014 оноос хойш үргэлжилж байгаа юм.