Киргизийн Ерөнхийлөгч асныг дэмжигчид жагсана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-08 16:47:55

БИШКЕК. /RIA Novosti/. Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг дэмжигчид пүрэв гарагт тус улсын нийслэл хотод жагсана. Энэ тухай Киргизийн Ерөнхийлөгч асан сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


“Намайг дэмжигчдийн зарим нь Цагаан Ордон руу, зарим нь "Медиа Форум" руу  /Атамбаевын нийслэл хот дахь оффис/ очих хүсэлтэй байна. Эхлээд бид 4 цаг орчимд "Медиа Форум"-ын дэргэд жагсана” гэж тэрбээр мэдэгджээ.


Цагаан ордон нь Бишкекийн төвд орших Киргизийн парламентын ордон бөгөөд дээд давхарт нь тус улсын Ерөнхийлөгчийн засаг захиргаа байрладаг байна. Атамбаевын оффисоос гадна түүний хяналтад байдаг "Апрель" телевиз байрладаг өндөр барилгыг  "Медиа Форум" гэж нэрлэдэг аж. Тус барилга Бишкекийн төв талбай Ала-Тоо-гоос болон Цагаан ордноос 40 минут орчим явах зайтай газарт оршдог байна.


Жагсаалд оролцогсод Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг огцрохыг шаардахаар төлөвлөж байна гэж Атамбаевын штабын төлөөлөгч мэдэгдэв. Түүнчлэн урьд нь барьцаалсан тусгай анги нэгтгэлийн алба хаагчдыг шилжүүлэн өгөхөд бэлэн байгааг мэдэгджээ.


Түүний хэлснээр, Киргизийн Дотоод хэргийн яамны /ДХЯ/ удирдлагатай өмнө нь тохиролцсоны дагуу Атамбаевынг баривчлах ажиллагаа явуулах үед барьцаалсан тусгай хүчний цэргүүдийг наймдугаар сарын 8-ны өглөө эрх баригчдад шилжүүлэн өгөхөөр төлөвлөж байсан боловч тэднийг авахаар ДХЯ-наас хэн ч ирээгүй аж.


Киргизийн тусгай албаныхан тус улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг баривчлах ажиллагааг лхагва гарагийн орой явуулсан боловч баривчилж чадаагүй байна. Нийслэл хотоос 20 км-ын зайтай оршдог Кой-Таш тосгон дахь Атамбаевын харш руу дайрах үед түүнийг дэмжигчид хүчтэй эсэргүүцжээ. Тусгай хүчнийхэн Ерөнхийлөгч асныг дэмжигчдийн эсрэг тусгай хэрэгсэл ашигласан байна. Харин Атамбаевыг дэмжигчид хариуд нь гал нээсний улмаас тусгай хүчний нэг алба хаагч амиа алджээ.


Социал демократ намын тэргүүн Алмазбек Атамбаев 2017 онд болсон сонгуулийн дүнд өөрийн залгамжлагч бөгөөд ойрын хамтран зүтгэгч Сооронбай Жээнбэковт эрх мэдлээ шилжүүлэн өгчээ. Гэвч удалгүй Ерөнхийлөгч асны багийн гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэснээс гадна, Атамбаевын халдашгүй дархан эрхийг цуцалж, хэдэн хэрэгт буруутгасан байна. Хамтран зүтгэгчдэд нь үүсгэсэн хэргүүд улс төрийн шинж чанар агуулж байна гэж Киргизийн Ерөнхийлөгч асан удаа дараа мэдэгдэж байжээ. 

Связанные новости