Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгчдийн мэтгэлцээн түр зогсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-01 15:22:38

НЬЮ-ЙОРК. /CNN/. Мичиган муж улсын Детройт хотод болж байсан АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгчдийн телевизийн хоёр дахь удаагийн мэтгэлцээний үеэр хэд хэдэн хүн эсэргүүцлийн ажиллагаа өрнүүлсэн нь мэтгэлцээнийг түр хугацаанд зогсооход хүргэжээ.


Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгчид үг хэлж байх үеэр энэ хэрэг болсон байна. Нью-Жерси муж улсын сенатч Кори Букерыг үг хэлж байх үед танхимаас үзэгчид “Панталиог албан тушаалаас нь чөлөөл” хэмээн хашгирсан байна. Үүний дараа Букер яриагаа 1 минут орчмын хугацаанд түр зогсоосон байна.


Хэргийн учир нь африк гаралтай америкийн иргэн Эрик Гарнер баривчлагдах үедээ амиа алдсантай холбоотой хэрэгт Нью-Йоркийн цагдаагийн газрын ажилтан Дэниел Панталиог буруутай гэж үзэхээс АНУ-ын Хууль зүйн яам татгалзаж байсан аж. Хар арьст иргэн Эрик Гарнерын амиа алдсан явдалд 2014 оны 7 дугаар сард олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихээхэн анхаарал хандуулжээ.


Хориотой худалдаа эрхэлсэнтэй нь холбогдуулан Гарнерыг Нью-Йорк хотын цагдаа нар баривчлахыг завджээ. Цагдаа нарыг дагаж явахыг эсэргүүцэхэд нь түүнд хүч хэрэглэсэн байна. Цагдаа нарын нэг Дэниел Панталио хар арьст эрэгтэйд боох мэх хэрэглэсний улмаас Гарнер ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа зүрхний шигдээсээр нас баржээ. Хожим нь түүний амьсгал түгжирсэн байсныг илрүүлсэн байна. 

Связанные новости