Уул уурхайн 120 аж ахуйн нэгж технологио танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУул уурхайн салбарт орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх, олон улсын аж ахуйн нэгжүүдээс туршлага судлах зорилго бүхий “Mongolia Mining 2016” олон улсын үзэсгэлэн энэ сарын 06-08-нд “Буян-Ухаа”спорт цогцолборт болно.
Улаанбаатар хотноо 6 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд “Оюутолгой”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Таван Толгой” зэрэг дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдээс гадна АНУ, БНХАУ, ОХУ зэрэг 15 орны 120 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Оролцогчид дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш танилцуулж, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол Улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүдийн талаар илтгэл хэлэлцүүлэх юм. Түүнчлэн зам, барилгын салбарынхан оролцож, уул уурхайн компаниудтай хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцоно.
Олон улсын томоохон аж ахуйн нэгжүүдийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа нь Монгол Улсад үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад түлхэц үзүүлнэ гэдгийг зохион байгуулагчид онцлов.
Ч.Ариунболд