Калифорнийн оршин суугч 10 минутын дотор 32 бургер иджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2019-07-05 16:23:19

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Калифорни муж улсын оршин суугч Молли Скалер Вашингтон хотод жил бүр зохион байгуулдаг бургер хурдан идэх тэмцээнд тав дахь удаагаа түрүүлжээ. Уг тэмцээнийг зохион байгуулагч “Z-Burger” зуушын газрын цахим хуудсанд мэдээлснээр, 60 хүрэхгүй кг жинтэй  Скалер энэ удаад махан хавчуургатай 32 бургерийг 10 минутын дотор идэж чадсан байна.


Бургер хурдан идэх тэмцээнийг Америкт долдугаар сарын 4-нд тэмдэглэдэг Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан лхагва гарагт зохион байгуулжээ. Калифорнийн оршин суугч бүсгүй өмнөх амжилтаа ахиулсан байна. Өнгөрсөн жил тэрбээр 10 минутын дотор 27 бургер идэж байжээ. Хоёрдугаар байранд Пенсильван муж улсын оршин суугч Дэн Кеннеди дахин орж, 850 ам.долларын шагнал авсан байна. Тэрбээр 10 минутын дотор 24 бургер иджээ. Гуравдугаар байрыг махан хавчуургатай 20 бургер идсэн үзүүлэлтээр Эндрю Пул эзэлж, 500 ам.доллароор шагнуулсан байна.


Скалер бургер хурдан идэх тэмцээнд төдийгүй өөр тэмцээнүүдэд ч амжилттай оролцдог ажээ. Тухайлбал, тэрбээр 2018 онд “Wing Bowl” тэмцээнд оролцохдоо 30 минутын дотор тахианы 501 ширхэг далавч идэж, 5000 ам.доллар, мөн “Хендай-Соната” автомашины эзэн болж байжээ. 

Связанные новости