Өмнөд Хятадын тэнгист пуужин харвасан гэж БНХАУ-ыг буруушаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /BBC/. БНХАУ Өмнөд Хятадын тэнгист пуужин харвасныг АНУ буруушаагаад, энэхүү үйл ажиллагаа нь сүдүүлгийн шинж чанартай юм гэж мэдэгджээ.
Пуужин харвасан талаар Пентагон дахь эх сурвалжууд мэдээлснийг Америкийн хэвлэлүүд уламжилсан байна.
Харин БНХАУ мэдэгдэл хийхдээ цэргийн сургуулийн тухай дурдсан боловч газар нутгийн маргаантай усанд пуужин харвасан гэх мэдээллийн талаар баттай хариулт өгөөгүй юм.
Тайван, Филиппин, Бруней, Малайз, Вьетнам зэрэг орон Өмнөд Хятадын тэнгисийн зарим хэсгийг өөрсдийн газар нутгийн нэг хэсэг гэж үзэн нэхэмжилдэг билээ. Гэсэн хэдий ч БНХАУ "Есөн зураасан шугам" гэгддэг томоохон хэмжээний газар нутгийг эзэмшиж, тус бүс дэх хиймэл арлуудад цэргийн зориулалттай байгууламж бүтээн босгож байна.
Спратли болон Параселын арлууд хоорондох нэрлэсэн бүсэд тав хоногийн турш цэргийн зориулалтаас бусад төрлийн хөлөг онгоцуудыг нэвтрүүлэхгүй байхыг БНХАУ цэргийн сургууль эхлэхээс өмнө анхааруулжээ.
Өмнөд Хятадын тэнгисийн ойролцоо орших Спратли арлуудаас БНХАУ пуужин харвасан болохыг бид тогтоосон гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа Дейв Истберн мягмар гарагт мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, БНХАУ-ын эл үйлдэл нь Өмнөд Хятадын тэнгист энхийг тогтооно гэсэн тус улсын амлалт, мэдэгдэлтэй зөрчилдөж байгаагийн зэрэгцээ уг бүсэд газар нутаг нэхэмжилдэг орнуудыг сүрдүүлэх гэсэн зорилготой байна гэж хэлэв.