Францын Ерөнхийлөгч өнөөдөр Японд очно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-06-26 10:47:44

ТОКИО. /NHK/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзаж, “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Япон улсад лхагва гарагт хүрэлцэн очно.


Э.Макрон Ерөнхийлөгчийн хувиар Япон улсад анх удаа айлчилж буй нь энэ юм. Тэрбээр лхагва гарагт А.Шинзотой уулзах бөгөөд талууд эрчим хүч, зам тээвэр болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.


Мөн хоёр орны удирдагчид “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болон ирэх наймдугаар сард Францад болох “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаа дахин бататгах төлөвтэй байна.


Францын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлснээр, Э.Макрон “Nissan-Renault” компанийн харилцаа холбоог бэхжүүлэх арга замын талаар А.Шинзотой хэлэлцэнэ хэмээн найдаж байгаа ажээ. Францын Засгийн газар “Renault” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч юм.


Пүрэв гарагт Эзэн хаан Нарүхито Э.Макронтой эзэн хааны ордонд өдрийн зоог барина. Өнгөрсөн тавдугаар сард хаан ширээнд заларсан Нарүхитотой уулзсан гадаадын орны хоёр дахь удирдагч Э.Макрон болох ажээ.


Баасан гарагт Осака хотноо эхлэх “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Э.Макрон худалдааны асуудал болон уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах чиглэлд хамтран ажиллахыг олон улсад уриалах төлөвтэй байна.


Э.Макрон, түүний гэргий Брижит нар бямба гарагт Японоос мордоно. 

Связанные новости