“Hayabusa-2” Рюгү дээр хоёр дахь удаагаа газардана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-06-26 10:07:07

ТОКИО. /Kyodo/. Японы сансар судлалын “Hayabusa-2” төхөөрөмж ирэх сард Рюгү бага гараг дээр хоёр дахь удаагаа газардахыг оролдоно гэж тус улсын Сансар судлалын агентлаг /JAXA/ мэдээлжээ.


Сансар судлалын агентлагийн инженерүүд “Hayabusa-2” төхөөрөмжийг Рюгү дээр өнгөрсөн хоёрдугаар сард анх газардуулж, дөрөвдүгээр сард бага гараг руу металл биет шидэх ажиллагаа явуулсны дүнд 10 метр өргөн хиймэл тогоо /хонхор/ үүсгэсэн юм.


Мэргэжилтнүүд одоо “Hayabusa-2” тогооны дотор эсвэл ойролцоо газардаж, чулууны сорьц цуглуулж чадах эсэхийг судалж байгаа аж. Hayabusa-2” төхөөрөмжийн өнгөрсөн сард авсан тогооны ойролцоох хэсгийн гэрэл зургуудаас газардах боломжтой газрыг шинжилсэн байна.


“JAXA”-гийн инженерүүдийн мэдээлснээр, төхөөрөмж анх Рюгү дээр газардах үед камер болон бусад хэрэгслүүд нь бага зэрэг эвдэрсэн хэдий ч хэрэглэх боломжтой байгаа бөгөөд том чулуугүй хэсэгт ирэх долдугаар сарын 11-нд газардуулахаар төлөвлөж байгаа ажээ.


Японы баруун өмнөд нутагт байрладаг Танэгашима сансрын төвөөс 2014 оны 12 дугаар сард хөөргөсөн “Hayabusa-2” төхөөрөмж Рюгү бага гарагт өнгөрсөн оны зургадугаар сард хүрсэн бөгөөд даалгавраа гүйцэтгэсний дараа 2020 оны эцсээр дэлхийд буцаж ирэхээр төлөвлөжээ. 

Связанные новости