ДХБ-аас Хөдөө аж ахуйн хэлэлцээрийн асуудлаарх сургалт хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-наас Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-тай хамтран “ДХБ-ын Хөдөө аж ахуйн хэлэлцээрийн асуудлаарх” сургалтыг энэ сарын 11-12-ны өдөр зохион байгуулав.
Сургалтын үеэр, ДХБ-аас олон талт худалдааны яриа хэлэлцээний хүрээн дэх Хөдөө аж ахуйн хэлэлцээрийн тулгамдсан асуудлууд болох зах зээлд нэвтрэх, дотоодын дэмжлэг болон хүнсний аюулгүй байдал зэрэг сэдвээр танилцуулга хийсэн. Мөн манай улсын “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудал, цаашдын зорилт”, “Хүнсний аюулгүй байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр ХХААХҮЯ-наас илтгэл тавив.
Сургалтад гадаад худалдаа болон хүнс хөдөө, аж ахуйн чиглэлийн холбогдох яам, агентлаг, эрдэмтэн, судлаачид, багш нар болон хувийн хэвшлийн төлөөлөл идэвхитэй оролцож, сонирхсон асуудалдаа хариулт авч, өөрсдийн хариуцсан чиглэлээрх мэдлэг, мэдээллээ чөлөөтэй солилцов.
ДХБ-ын Хөдөө аж ахуйн хэлэлцээрийг бүрэн дүүрэн ойлгох, манай улсын хувьд хөдөө аж ахуйн салбартаа хэрэгжүүлж буй хөтөлбөр, ажлууд нь Монгол Улсын ДХБ-ын олон талт хэлэлцээрээр хүлээсэн үүрэгт, амлалттай зөрчилдөхгүй байх, мөн түүнчлэн ДХБ-ын хүрээн дэх өнөөгийн хэлэлцээн дэх байр сууриа илүү тодорхой болгоход чухал ач холбогдолтой ажил боллоо.