Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай тогтоолыг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай тогтоолыг батлав.
Төрийн албаны тухай хуульд заасанчлан,
төрийн өндөр албан тушаалтнуудын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг
Засгийн газрын саналд үндэслэн УИХ тогтоохоор тусгасан. Ингэхдээ Улсын дээд
шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Авлигатай
тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал, Аудитын газрын удирдах ба
гүйцэтгэх албан тушаалтанд хамаарахгүй байхаар боловсруулжээ. Эдгээр албан
тушаалтны цалингийн хэмжээ, сүлжээг УИХ-аас тусгайлан тогтоож байгаа учир
давхардал үүсгэхгүй байх зарчим баримталжээ. Итгэлцүүрийг батлахдаа, Яамны
төрийн нарийн бичгийн даргын сарын цалингийн хамгийн өндөр шатлалд хамаарах
хэмжээг суурь болгосныг хэвээр мөрдөнө. Ингэснээр төрийн захиргааны албан
тушаалын цалингийн сүлжээг шинэчлэх, цалингийн хэмжээг нэмэгдүүлэх бүрт
итгэлцүүрт харгалзах коэфициентоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг, түүнтэй
адилтгах зэрэглэлийн албан тушаалтны цалингийн хэмжээ нь дагаж нэмэгдэж байх юм
гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Төрийн албаны тухай хуулийг энэ оны
нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн тул, үүнтэй уялдуулж тус тогтоолын
төслийг дээрх хугацаанаас хүчинтэй болгохоор зохицуулжээ. Энэхүү цалингийн
хэмжээ тогтоох итгэлцүүрийг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэж
Засгийн газар үзсэн байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй тул санал хураахад гишүүдийн 53.5 хувь дэмжиж батлав.
Мөн УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын18 дахь илтгэлтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталсан юм.