Туркийн Гадаад хэргийн сайд Иракт айлчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БАГДАД. /Xinhua/.
Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют
Чавушоглу Иракийн удирдагчидтай хоёр
талын харилцаа, Ойрхи Дорнодын хөгжлийн асуудлыг хэлэлцэхээр тус улсын нийслэл
Багдад хотод лхагва гарагт хүрэлцэн очсон тухай Иракийн Гадаад хэргийн яамнаас
мэдээлжээ.
М.Чавушоглуг Иракийн
Гадаад хэргийн сайд Мухаммед аль-Хаким хүлээн авч уулзсан бөгөөд талууд хоёр
талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцсэн байна. Мөн тэд бүс
нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, бүс нутгийн тайван
байдлын төлөө хүчин чармайлт гаргах нь чухал болохыг онцолжээ.
Иракийн
Ерөнхийлөгч Бархам Салих Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдогантай
уулзахаар тус улсад мягмар гарагт айлчилж, лхагва гарагт эх орондоо эргэн
ирснээс хэдхэн цагийн дараа М.Чавушоглугийн айлчлал болсон юм.
“Р.Эрдоган,
Б.Салих нар уулзах үеэрээ бүс нутаг, олон улсын хөгжил дэвшлийн асуудлуудад гол анхаарлаа
хандуулсан” гэж Иракийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд
дурдсан байна.
АНУ, Ираны
харилцааны хурцадмал байдал өсөн нэмэгдэж буй үед Ирантай хөрш залгаа орнууд
болох Ирак, Туркийн удирдагчид уулзсан юм. Ираны аюул заналыг бууруулах
зорилгоор АНУ нисэх
онгоц тээгч хөлөг онгоцнууд болон бөмбөгдөгч онгоцнуудаа Ойрхи Дорнод руу
илгээсэн билээ.