"МИК Холдинг" нэгж хувьцаандаа 241.2 төгрөгийн ногдол ашиг хуваарилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ"МИК Холдинг" компанийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын сарын 18-нд хуралдаж, нэгж хувьцаандаа 241.2 төгрөг хуваарилах шийдвэр гаргасан талаар өнөөдөр Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.
Ингэснээр тус компани нийт 4 тэрбум 995 сая 87 мянга 948 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилах болжээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг энэ сарын 31-нд гаргаж дуусах бөгөөд тавдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн "Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв"-өөр дамжуулан тараах аж.
Тус компани нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд Монголын Хөрөнгийн Биржид бүртгэгдсэн байна. "МИК Холдинг" нь ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гарган дотоодын зах зээл дээр борлуулах замаар Монгол улсын хүн амыг орон сууцаар хангах урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгож төлөвшүүлэх зорилготой байгууллага юм.
Ч.Ариунболд